Төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох, сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч байдлыг дэмжин хөгжүүлэх, зорилготой “Kids Art Festival” амжилттай болов. Тус дүрслэх урлагийн наадмын нээлтийн үеэр олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцож, амжилт гаргасан нийт 56 хүүхдэд шагнал гардуулсан юм.
Шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, тус газрын ТЗУГ-ын дарга Ш.Чинбат нар гардуулж, хүүхдүүдэд баяр хүргэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х. Булгантуяа хэлсэн үгэндээ:
"Монгол Улсынхаа нэрийг урлаг, спортын амжилтаараа дэлхийн тавцанд цуурайтуулж, Хүүхдийн төлөө сангийн шагнал хүртэж байгаа хүүхдүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс баярын мэнд хүргэе. Удахгүй Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой болно. Харин энэ жил Олон Улсад хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тунхагласны 99 жил, Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсгэн байгууллагдсаны 99 жилийн ой давхцаж байгаа билээ.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж, урамшуулахаас гадна Олон Улсын томоохон тэмцээн, уралдаанд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжихэд зарцуулдаг.
Хүүхдийн төлөө сангаас шагнал авсан хүүхдүүд маань жилийн жилд улам нэмэгдэж, бас амжилтаа ахиулдаг. Монгол Улсын 1,2 сая хүүхдийг төлөөлж, шагнал авсан та бүхэндээ дараа дараагийн олон шагналын эзэд болоорой гэж гэж хүсье. Ингээд Монгол Улсын нийт хүүхдүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ Тус нээлттэй өдөрлөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НЗДТГ, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, “Creative Kids Hub Mongoliа” ТББ хамтран зохион байгуулсан аж.