Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нд нийслэл хотод зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны тавдугаар сарын 30-ны А/613 дугаар захирамжийн дагуу Д.Сүхбаатарын талбай орчмын замын хөдөлгөөнийг өнөөдрийн 08:00 цагаас 20:00 цагийн хооронд түр хязгаарлана. Тодруулбал, төв талбайн хоёр талын урсгал зам, "Туушин" зочид буудлын урд талын зам болон Монголбанкны хойдох замуудыг хаагаад байна.
Мөн 08:00-16:00 цагийн хооронд “Баянгол” зочид буудлын уулзвараас “Шангри-Ла”-гийн уулзварын хооронд авто замыг хааж, зам дагуу үйл ажиллагаа зохион байгуулна.
Яг одоо төв талбайд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нээлт, нэгдсэн урлагийн хүндэтгэлийн тоглолт "Дэлхийн монгол хүүхэд" уриан дор болж, хөл хөдөлгөөн ихтэй байна.