Олон улсын энхийг сахиулагчдын өдөр өчигдөр тохиов. Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг энхийн төлөө” дурсгалын цогцолборт хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Манай улс 2002 онд анх удаа хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энхийг дэмжих ажиллагаанд илгээснээр дэлхийн цэргийн эгнээнд элссэн билээ. Түүнээс хойш 2003 онд Бүгд Найрамдах Ирак Улсад явуулсан “Иракийн эрх чөлөө”, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багаа илгээжээ.
Түүнээс хойш эдүгээ 22 000 гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ. Эдүгээ дэлхийн долоон улс, мужид явагдаж буй НҮБ-ын мандаттай есөн ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэдний дотор Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс анх удаа Цэргийн хүчний командлагчаар хошууч генерал Б.Эрдэнэбат үүрэг гүйцэтгэж буй аж. Энэ нь Монгол Улсын энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, олон жилийн дадлага, туршлага, мэргэжлийн ур чадварын бодит үнэлгээ гэж арга хэмжээний үеэр албаныхан онцоллоо.
Хүндэтгэлийн ёслолд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт гардуулав. айд Г.Сайханбаяр НҮБ-ын тавцанд бүтээсэн “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх брэнд нэр нь Монголын зэвсэгт хүчний 20 гаруй жилийн дайчин алдарт хүртээсэн цол гэдгийг онцолсон.
НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Илүү тэгш, шударга, тогтвортой, амар тайван дэлхийг бий болгох уриан доор эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энхийг сахиулагчид улс төр, аюулгүй байдал нь эмзэг улс оронд энгийн иргэдийн амийг аврах тэргүүн эгнээнд явж ирсэн. 1948 оноос хойш 125 орны хоёр сая гаруй цэрэг, цагдаа, энгийн иргэд 71 ажиллагаанд биечлэн оролцож, албан үүргээ гүйцэтгээд байна. Өнөөдөр дэлхийн хамгийн халуун цэгт энхийг сахиулах ажиллагаанд 70 мянган алба хаагч үүрэг гүйцэтгэж буй. Тэдний 900 орчим нь монгол цэрэг. Монгол Улс энхийг сахиулах үйлсэд тууштай зүтгэж буйд баяртай байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд бие бүрэлдэхүүнээ илгээсэн орнуудаас Монгол Улс 18 дугаарт жагсаж байгаа” гэв.
Ёслолын арга хэмжээний үеэр албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдыг шагнасан . Тухайлбал, БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах UNMISS ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчний мотобуудлагын XII ээлжид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ахлах дэслэгч Ч.Бодьгэрэл шилдэг эмэгтэй энхийг сахиулагч боллоо.