Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хариуцан боловсруулахаар тусгасан. Энэ хүрээнд Сангийн сайдын 2021 оны 52 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Хөрөнгийн зах зээлийн холбогдох хууль эрх зүйн орчинд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий” ажлын хэсгээс боловсруулсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Компанийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрлийг авсан.
Засгийн газраас дээрх хуулийн төслүүдийг 2023 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганд өргөн мэдүүлж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл ажиллаж, хуулийн төслүүдэд зарчмын зөрүүтэй саналуудыг тусган Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, эцсийн хэлэлцүүлэг хийгдсэн бөгөөд хуулийн төслүүдийг соёрхон батлах ажил хүлээгдэж байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар дотоодын аж ахуйн нэгжээс нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаа хялбар, шуурхай болж, зохицуулагч болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн уялдаа холбоо сайжран олон улсын жишигт нийцэх, санхүүгийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэх, үнэт цаас гаргагч, андеррайтерын компаниудын үүрэг оролцоо өсөх, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, төвлөрсөн болон тухайлсан бүртгэлтэй холбоотой зохицуулалт боловсронгуй болох зэрэг эерэг нөлөө хөрөнгийн зах зээлд бий болох юм.