12 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадмын шилдгүүдийг өнгөрсөн ням гарагт тодрууллаа. Энэ удаагийн наадамд 60 орны 400 гаруй уран бүтээлийг өрсөлдүүлснээрээ онцлогтой аж. Тус наадмын монгол киноны уралдаант хэсгийн шилдгийн шилдэг буюу “Алтан өргөө” дээд шагналыг найруулагч С.Ихбаярын “Өглөө болно” хүртжээ. Шилдэг монгол эксперименталь киногоор найруулагч Г.Ганлхагвын “Маргааш сэрэхгүй байцгаая” тодров. Хүүрнэлт киноны төрөлд найруулагч Г.Баттулгын “Хэзээ цас орох вэ” шилдгээр шалгарсан байна.
Харин олон улсын шилдэг эксперименталь киногоор Унгарын нийслэл Будапешт хотоос оролцож буй найруулагч Анна Гимесигийн “Falling” тэргүүлжээ. Түүнчлэн найруулагч Олексий Радынскийгийн “Чорнобиль 22” олон улсын шилдэг баримтат киногоор тодорсон байна. Тэрбээр Украины нийслэл Киев хотоос ирж оролцсон юм. Мөн шилдэг хүүхэлдэйн киногоор найруулагч Кыхынги Оюурын “Lost let¬ters” уран бүтээл тэргүүлэв. Олон улсын шилдэг хүүрнэлт киноны төрөлд Польш улсаас оролцсон найруулагч Муххамед Альмуганний “An orange from jaffan” шагнал хүртсэн юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн