Дэлгэцийн 10 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон “UBS pictures” компани буриад түмний ахуй соёл, домгийн улбаа, оюун санааг туульсын арга хэлбэрээр өгүүлэх “Хайрын домог” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киногоо тун удахгүй нээх нь. Дээрх кино нь буриад зон олны өвөрмөц хэв шинж, ахуй соёл, сэтгэлгээний онцлогийг Дангина болон Эрхээдэй нарын хайр сэтгэлээр төлөөлүүлэн үзүүлнэ. Уг бүтээлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав санаачилж, МЗЭ-ийн шагналт Б.Золбаяр зохиолыг нь бичжээ. Найруулагчаар Б.Чингүүн ажилласан байна. Гол дүр Дангинад Ч.Сэлэнгэ, Эрхээдэйд циркчин Э.Лхагва-Очир нар тогложээ. Мөн Оросын жүжигчид урилгаар тоглосон аж. 3000 гаруй уран бүтээлч хоёр жил орчмын хугацаанд эл киног бүтээсэн гэнэ.
“UBS pictures” компанийнхан өмнө нь “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон. Тэд туульсын сэдэвт эдгээр киногоороо дамжуулан үндэстний өвөрмөц онцлог, соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, цаашлаад Монгол орны байгалийн үзэсгэлэнг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой гэнэ. Киноны зохиолыг бичсэн зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр “Буриад зон олны өв соёлд суурилсан туульсын уран сайхны кино бичих хариуцлагатай үүрэг хүлээсэн. Тиймээс авьяас чадвараа дайчилж, уран бүтээлчдийнхээ хүсэл эрмэлзэл, хүсэж буй агуулгыг гаргахын тулд маш их хичээлээ” гэв.
“Хайрын домог”-ийн гол дүрд тоглосон Ч.Сэлэнгэ“Буриад зон олон өв соёл, уламжлалаа харуулсан дуу, бүжгээрээ алдартай. Үүнийг ч кинондоо шингээхийг зорьсон. Түүнчлэн дайн, тулааны хэсгүүд ч бий. Тиймээс буриад бүжиг сурч, тулааны бэлтгэл хийж, морь унах шаардлагатай болсон. Энэ миний өмнө нь хэзээ ч хийж байгаагүй зүйлс. Тухайлбал, морь унах, усанд сэлэх, нум сум харвах гэх мэт. “Хайрын домог” кинонд дайн тулааныг харуулах учраас маш эрэмгий, зоригтой, морин дээр цулбуураа ч барихгүйгээр давхидаг болох шаардлагатай тулгарсан. Тиймээс маш их сургуулилалт хийсний эцэст жолоо, цулбуураа барихгүйгээр морь унаж чаддаг болсон” хэмээлээ. Уг бүтээлийн үндсэн зургийг Хэнтий аймгийн Дадал сумд авчээ. Мөн Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр зэрэг сумд зарим хэсгийн зургийг авсан гэнэ.
Бэлтгэсэн У.Сүрэн