Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу “Эм Жи Эл акуа” компанийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг МХБ-ийн II ангилалд бүртгэжээ. Тус компанийнхан нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327 555 616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. Үүнээс эргэлтэд гаргасан энгийн хувьцаа нь 240 000 000 ширхэг аж. Нийтэд санал болгох эзэмшлийн хувь нь 26.72 бөгөөд анхдагч зах зээлд санал болгох үнэ нь 174 төгрөг юм байна. Нэмж гаргах хувьцаа нь 87 555 616 ширхэг гэнэ. Тус компани нь үнэт цаасны арилжаагаар 15.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. “Эм Жи Эл акуа” компанийг 2001 онд байгуулсан, цэвэр усны үйлдвэрлэгч. Тус компанийн хувьцааг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Инвескор капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.