Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд Дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах дэлхийн өдөр тохиодог. Энэ өдөр дауны хам шинжтэй иргэд дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэж, улс орон бүрдээ олон нийтийн ажил өрнүүлдэг билээ. Уг өдрийг угтан таван тивийн 17 улсын кино наадмаас 22 шагнал хүртээд буй “Трио” киног Японы Осака хотод өнөөдөр нээхээр болжээ. “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг илэрхийлсэн эл бүтээл нь дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалдаг билээ. Киноны нээлтийн дараа Осака хотын удирдлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, сайн дурынхан, үзэгчид хамтран хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгмийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ.
Бэлтгэсэн Б.Заяа