Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 88 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр” өнөөдөр буюу 03 дугаар сарын 02-нд тохиож байна.
Хурандаа цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 03 дугаар сарын 02-нд олгож эхэлсэн түүхтэй.
Анхлан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хурандаа цолыг олгож байсан бол 1950 оноос Цагдаагийн байгууллагад, 1964 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 1971 оноос Онцгой байдлын байгууллагад хурандаа цолыг олгосон байна.
“Монгол хурандаагийн өдөр” нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжил цэцэглэлтэд өөрийн ухамсарт амьдрал, залуу халуун нас, сурсан эрдэм мэдлэг, эзэмшсэн мэргэжил, олсон дадлага туршлагаа зориулсан эрхэм хүмүүсийн баатарлаг, хөдөлмөрч гавьяат үйлсийг хүндэтгэн, алдаршуулах, санан дурсах өдөр төдийгүй нийт ард түмний, бүх цэргийн алба хаагчдын өдөр юм.