Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ирэх сарын 10-нд “Ла ла лэнд” энтертайнмент балетын жүжгийг “Корпорэйт конвэшн центр”-т толилуулах гэж буй юм. Тус бүтээлийг Монголд анх удаа балетын хэлбэрт хувирган хүргэж буйгаараа онцлог аж. Энэ тухай “Элит” балет компанийн үүсгэн байгуулагч, балетмейстер Ц.Цолмонбудтай цөөн хором ярилцлаа.
-Та бүхэн удаах бүтээлээрээ яагаад “Ла ла лэнд”-ийг сонгон толилуулахаар болсон бэ?
-Тус кино Оскарын 14 төрөлд нэр дэвшиж, зургаад нь ялалт байгуулсан шүү дээ. Маш гоё хөгжимтэй, хайрыг сайхнаар дүрсэлдэг. Тиймээс хөгжимд нь тааруулж, бүжиг дэглэх, найруулга хийх хүсэлтэй байсан. Харин энэ удаад “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд, БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр бүжгэн жүжгээ хүргэхэд бэлэн болоод байна.
-Өмнө нь уг бүтээлийг олон хэлбэрээр найруулсан байдаг. Харин энэхүү медиа арт балетын жүжиг юугаараа онцлог вэ?
-“Ла ла лэнд”-ийг өмнө нь балет хэлбэрээр тоглож байгаагүй. Бид анх 2022 оны зургаадугаар сард киноны хөгжмийг албан ёсны эрхтэйгээр толилуулсан юм. Хамгийн гол нь медиа арт урсгалыг балет, цирк, драмтай хослуулснаараа онцлог. Энэ маань олон улсад анхдагч. Медиа арт гэдэг нь 3D видео, холограм зэргийг багтаасан гэсэн үг. Ингэснээр үзэгчдэд илүү сонирхолтой байхаас гадна үлгэрийн ертөнцийг бодитоор харуулах орчин үеийн энтертайнмент балет болох юм.
-Уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнд дотоодоор тогтохгүй гадаад улсын бүжигчид багтсан нь их сонирхол татсан.
-Монголын болон Өмнөд Солонгосын шилдэг уран бүтээлчид тоглоно. Би өөрөө бүтээлээ найруулахаас гадна бүжигчин Чон Хэ Юүнтэй гоцолж бүжиглэх юм. Би сүүлийн 20 гаруй жил Япон болон Өмнөд Солонгосын балетын урлагийн театрт тэргүүн гоцлол бүжигчнээр ажилласан туршлагатай.
Бэлтгэсэн: Д.Хүслэн