Оюуны бүтээлийн, тэр дундаа дууны зохиогчийн эрхийг хамгаалахтай холбоотой маргаан сар шинийн баярын өмнөхөн нийгмийн сүлжээнд тархсан нь олон хүнд нэгийг бодогдуулсан нь лавтай. Тодруулбал, гитарчин Өөжгий нэрээрээ олонд танигдсан уран бүтээлч Д.Өлзий-Орших зохиосон дуунуудаа зөвшөөрөлгүйгээр дуулуулахгүйгээ мэдэгдсэнийг зарим иргэн талархан хүлээн авсан бол нэг хэсэг нь дургүйцлээ илэрхийлж байлаа. Эл үйл явдал биднийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар луу хөтөлсөн юм. Оюуны бүтээлийн хулгайг цэгцлэх талаар бид байнга ярьсаар ирсэн ч бодит байдалд төдийлөн өөрчлөгдөхгүй байна. Үүний учир шалтгаан болон одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийн талаар тус агентлагийн Зохиогчийн эрхийн газрын дарга Н.Сүнжидмаатай ярилцлаа.
-Оюуны өмчийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг манайд уг нь нэлээд хэдэн жилийн өмнө бүрдүүлсэн. Гэсэн ч оюуны өмчөө хамгаалах нөхцөл нь бодит байдалд төдийлөн хэрэгжихгүй байгаагийн шалтгаан юу вэ?
-Хүний зохион бүтээсэн оюуны өмчийг хамгаалах дэлхий дахины чиг хандлагын дагуу 1944 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлөөс Шинэ юм зохион бүтээх ба үйлдвэрт оновчтой сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай зааврыг батлан гаргасан байдаг. Тэр үеэс эхлэн оюуны өмчийг хамгаалах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, урамшуулан дэмжих үүргийг төрийн байгууллагууд хөгжлийн үе бүрдээ гүйцэтгэсээр ирсэн. Тэдгээрийн нэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрыг 1996 онд байгуулж байв. Ингэснээр оюуны өмчийг хамгаалах бүтэц, зохион байгуулалт, хууль, эрх зүйн орчин бүрэлдэх суурийг тавьсан гэж үзэж болно. Түүнээс хойш олон улсын гэрээ, конвенцын суурь зарчимд тулгуурлан Оюуны өмчийн, Зохиогчийн эрхийн, Патентын, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг баталж, мөрдөж байгаа.
Оюуны өмчийн харилцааг нийтийн бус, хувийн эрх зүйгээр зохицуулдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, хувь хүн оюуны бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийн тулд гэрээгээр харилцан тохиролцож, зөвшөөрснөөр хэрэгждэг харилцаа. Эрхээ шилжүүлэх, хамтран эзэмших, ашиглуулах харилцааг ч гэрээгээр хэрэгжүүлнэ. Энэ нь оюуны өмчийн халдашгүй байдлын баталгаа болдог. Харин манайд гэрээ байгуулдаг соёл төдийлөн хөгжөөгүй нь хувь хүн оюуны өмчөө хамгаалж чадахгүй байгаагийн гол шалтгаан юм. Мөн бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлэх, үр шимийг нь хүртэх, хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлүүлэхэд төдийлөн санаа тавьдаггүй, бичгээр зөвшөөрөл өгч хэвшээгүй. Эдгээрээс шалтгаалж оюуны өмчийн хамгаалалт сул мэт харагддаг.
ТУХАЙН БҮТЭЭЛИЙГ ДУУЛАХДАА ЗОХИОГЧООС НЬ ЗААВАЛ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН БАЙХ ЁСТОЙ
-Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших зохиосон дуунуудаа Оюуны өмчийн газарт бүртгүүлж, нэг бүрчлэн үнэлсэн нь олон нийтийн анхаарлыг татлаа. Ямар хууль, эрх зүйн үндэслэлээр ийм боломж бүрдсэн юм бол?
-Уран бүтээлч бүтээлээ туурвисан үеэс зохиогчийн эрх нь автоматаар үүсдэг. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх Д.Өлзий-Оршиход бий. Хууль зүйн талаасаа 100 хувь түүний зөв. Зохиогчийн эрхийн тухай хуульд заасны дагуу дуучин тухайн бүтээлийг дуулахдаа зохиогчийн эрх эзэмшигчээс заавал зөвшөөрөл авсан байх ёстой. Үүний дагуу гэрээ байгуулах шаардлагатай. Энэ нь зохиогчийн эрх эзэмшигч нь биет бус хөрөнгийнхөө үр шимийг хүртэх, нөгөөтээгүүр, ямар нэгэн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, маргаан гарсан тохиолдолд хялбар шийдүүлэх нотолгоо болох юм.
-Зөвхөн дуу бус, оюуны өмчийн бүх төрлийн бүтээлийг ийнхүү хамгаалах боломжтой юу?
-Оюуны өмчийн бүх төрлийн бүтээл гэдгийг албаны нэршлээр нь “Оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл” гэж ойлгох нь зүйтэй. Оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх”, “Аж үйлдвэрийн өмчийн эрх” гэсэн хоёр төрөлд хувааж, салбарын холбогдох хуулиудаар хамгаалдаг. Тухайлбал, аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварт патент олгох, зохион бүтээгчийн эрхийг хамгаалах харилцааг Патентын тухай хуулиар зохицуулдаг. Бараа, үйлчилгээний тэмдэг, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, эзэмшигч, хэрэглэгчийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулж байна. Дээр дурдсан зүйлсийг заавал бүртгүүлэх замаар эзэмшигчийн эрхийг хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, оюуны өмчийн байгууллагад бүртгүүлсэн үеэс онцгой эрх үүснэ.
Харин шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах харилцааг Зохиогчийн эрхийн тухай хуулиар зохицуулдаг. Үүний дагуу зохиогчийн эрхийн мэдээллийн нэгдсэн санд бүтээлүүдээ бүртгүүлж болно. Өөрөөр хэлбэл, зохиогч, уран бүтээлчийн сайн дурын үндсэн дээр бүтээлүүдийг нь бүртгэж, зохиогчийн эрхийн гэрчилгээ олгох боломжтой юм. Энэ нь зохиогчийн эрх олгож байгаа хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин мэдээллийн санд бүртгүүлснийг л тодорхойлж байгаа хэрэг. Оюуны өмчийн тухай хуулийн дагуу зохиолч бүтээлээ өөрийнх мөн, эсэхийг өөрөө л нотлох үүрэгтэй.
-Манай сонин өдөр тутам уншигчдад хүрч байгаа. Бидний бэлтгэсэн мэдээ, нийтлэл, сурвалжилгыг өөр төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хуулбарлах тохиолдол цөөнгүй гардаг. Хэвлэлд тогтмол гаргаж байгаа мэдээ, нийтлэл, сурвалжилга нь бидний оюуны өмчид тооцогдох уу. Хэрэв тийм бол үүнийг хэрхэн хамгаалах вэ?
-Зохиогчийн эрхийн тухай хуулийн долоодугаар зүйлд зохиогчийн эрхээр хамгаалахгүй зүйлсийг тусгасан байдаг. Үүнд үйл явдал, үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээллийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй гэж заасан. Мөн Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 9-нд нэгдсэн Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцын 2.8-д “Өдрийн шинэ мэдээ буюу сонин хэвлэлийн энгийн сонордуулгын чанартай үйл явдлын мэдээлэл энэхүү конвенцоор хамгаалагдахгүй” гэж заасан. Тиймээс өдөр тутмын хэвлэлийн мэдээлэл нь зохиогчийн эрхээр үл хамгаалах зүйлд хамаарна.
ГЭРЭЭ ХИЙЖ ХЭВШСЭН ХҮН ТУН ЦӨӨН
-Зарим уран бүтээл ганц бус, хэд хэдэн хүн хамтарсны үр дүнд бүтсэн байдаг. Энэ тохиолдолд зохиогчийн эрхийг нь хэн эзэмших вэ. Жишээ нь, дуу нь ая, шүлэг зохиогч, дуучны хамтын хөдөлмөрийн үр дүнд бүтдэг шүү дээ.
-Нэг бүтээл хамтран туурвисан хоёр, эсхүл түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэдэг. Хамтын бүтээлийн эрхийг зохиогчид хамтран эдэлнэ. Жишээ нь, дууны уран бүтээлийн ая, үгийг зохиосон хүн тус бүр өөрийн зохиосон хэсгээ эзэмших эрхтэй. Дуучин тухайн бүтээлийг олон нийтэд хүргэхийн тулд эх бүтээлийн зохиогчоос зөвшөөрөл авах шаардлагатайг өмнө дурдсан шүү дээ. Мөн дуучин нь уран бүтээлээ аливаа хэлбэрээр өөрчлөх, хувиргах, гажуудуулахыг хориглох эрхтэй.
-Дуучид шүлэг, ая худалдаж авах нь бий. Энэ тохиолдолд зохиогчийн эрх нь тухайн дуучинд хамаарах уу?
-Ийм тохиолдолд дуучин зохиогчийн эрхээ өөртөө шилжүүлээд авчихсан, ямар нэгэн маргаан гарахгүй гэж үзнэ. Дуучин худалдаж авсан бол түүнийгээ нотлох ёстой. Маргаан гарвал иргэний эрх зүйгээр зохицуулна. Өмчийн маргаан үүснэ гэсэн үг. Мэргэжлийн хэллэгээр бол дуучин буюу тоглогч уран бүтээлч, продюсер хоорондоо заавал гэрээ байгуулсан байх шаардлагатай. Ийм гэрээ нь нэг талаас зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. Нөгөөтээгүүр, тухайн уран бүтээлчийн өмчийг хамгаалж, бас нотолж байгаа хэлбэр.
-“Таны бүтээлийг ашиглаж болох уу” гэх мэтээр аман хэлбэрээр зөвшөөрөл авах нь цөөнгүй. Үүнийг хуулиар хүлээн зөвшөөрөх үү?
-Практикаас харахад, манайхан ер нь аман хэлбэрээр зөвшөөрөл аваад хэвшчихсэн байна. Ингэж болохгүй. Заавал гэрээ байгуулах ёстой. Гэрээний ерөнхий загвар манай Оюуны өмчийн газрын цахим хуудсанд бэлэн бий. Түүнийг ашиглаад гэрээ байгуулчхаж болно шүү дээ. “Зохиогчийн эрхийг хамгаалъя” гээд ярихаар уран бүтээлчид маш их дэмждэг. Гэтэл үүнийг практикт хэрэгжүүлэх буюу гэрээ байгуулж хэвшсэн хүн тун цөөн. Уг нь зохиогчийн эрхийг хамгаалаад байгаагийн утга учир нь тухайн хүн зохиол, бүтээлээсээ ашиг хүртээд, эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Монгол хүний оюуны өмчийг л үнэ цэнд хүргэх гээд байгаа хэрэг. Дэлхийн жишиг ч тийм.
-Оюуны өмчтэй холбоотой гомдлыг яаж шийдвэрлэж байгаа вэ. Ялангуяа буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн бол?
-Оюуны өмчийн байгууллага нь зөрчил шалган шийдвэрлэх, хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэгж буюу Хяналт, шалгалтын газартай. Тус газарт оюуны өмчийн хяналтын 12 улсын байцаагч ажиллаж байна. Улсын байцаагч нар нь Зохиогчийн эрхийн, Патентын, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай зэрэг 18 хуулийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг прокурорын хяналтад явуулдаг. Зохиогчийн эрхийн болон Патентын тухай хууль зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуу, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуу, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байна. Мөн хуульд заасны дагуу зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг нь зогсоон, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах арга хэмжээ авдаг.
-Оюуны өмчтэй холбоотой гомдлыг амжилттай шийдвэрлэсэн жишээ дурдаж болох уу?
-Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газар жилд 120-140 гомдол, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэдэг. Өнгөрсөн онд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 121 гомдол, мэдээллийг хүлээн авснаас 84-т нь зөрчлийн хэрэг нээсэн. 37 гомдол, мэдээллийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнд зөрчлийн 37 хэрэгт холбогдогчоор татагдсан 39 иргэн, 21 хуулийн этгээдэд нийт 88 850 000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн 4 117 850 төгрөгийг улсын орлого болгон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд 1 721 452 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлсийг холбогдох байгууллагынханд хүргүүлэн, устгуулсан байна.
ЦАХИМ ОРЧИНД БАЙРШУУЛСАН КОНТЕНТЫН АГУУЛГА НЬ ЧУХАЛ
-Зураач С.Заяасайханы бүтээлүүдийг өмнөд хөршид хуулбарлаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ашигласан тохиолдол өнгөрсөн онд гарсан. Яг үүн шиг монгол хүний бүтээлийг гадаадын иргэд зөвшөөрөлгүйгээр ашигласан тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Бүтээлийг нь хуулбарлан, бүтээгдэхүүн дээрээ ашиглаж, манай улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулсан талаарх хэд хэдэн гомдол зураач С.Заяасайханаас хүлээн авсан. Оюуны өмчийн улсын байцаагч нар тухай бүрд нь зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хуулийн дагуу шийтгэл ногдуулсан байна. С.Заяасайханы “The Art of ZAYA” номоос түүний уран зургийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан, цахим орчинд худалдан борлуулсан гэх зөрчлийн хэрэг одоо ч шалгагдаж байгаа. Ер нь нутаг дэвсгэрийн зарчмын дагуу манай улсын хууль нь хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан болон агаарын орон зайд байгаа Монголын усан онгоц, агаарын хөлөг дээр үйлчилнэ. Үүнээс гадна тухайн улс нь Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцод нэгдсэн бол оюуны өмчийн асуудал хариуцсан байгууллагад нь гомдол гаргах замаар асуудлаа шийдвэрлүүлэх эрх гадаадын уран бүтээлчдэд бий.
-Цахим орчин хөгжсөнтэй холбоотойгоор иргэд төрөл бүрийн хичээл, контент зэргийг бэлтгэн, олон нийтэд хүргэх болсон. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд байршуулсан контентыг нь зөвшөөрөлгүйгээр хуулбарлан түгээлээ гэх маргаан ч хааяагүй сонсогдох болсон. Ийм хичээл, контентууд нь оюуны өмчид тооцогдох уу?
-Бернийн конвенц, Оюуны өмчийн тухай хуульд зохиогчийн эрхээр үл хамгаалах бүтээл гэж заасан байдгийг өмнө дурдсан шүү дээ. Тэдгээрийн дагуу зөвхөн шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийг л хамгаалдаг. Харин ямар нэгэн санаа зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй. Жишээ нь, би зохиогчийн эрхийг тайлбарласан влог хийж, олон нийтэд хүргэж болно. Энэ бол миний санаа учраас зохиогчийн эрхийн хамгаалалтад хамаарахгүй. Түүнчлэн хичээлийн хөтөлбөр зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй гэж заасан байдаг. Тэгэхээр цахим орчинд байршуулсан контентуудын агуулга нь чухал юм. Жишээ нь, “Ээж” гэдэг контент хийгээд, санаагаа уран сайхны илэрхийллээр баяжуулж, хүмүүст нөлөөлөл үзүүлж байвал түүнийг урлагийн бүтээл гэж үзээд, хамгаалах боломж бүрдэнэ. Агуулгын хувьд шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбарт хамаарахгүй контентыг зохиогчийн эрхээр хамгаалахгүй.
-Гитарчин Д.Өлзий-Орших зохиогчийн эрхтэй холбоотой акц явуулснаас хойш уран бүтээлчид танайд хандах нь олширсон уу. Уран бүтээлчид ер нь голчлон ямар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсдэг вэ?
-Д.Өлзий-Орших өмнө нь уран бүтээлчийн хувьд нэр дуудагдаж л байвал боллоо гэсэн ойлголтоор бүтээлүүдээ дуулуулж байсан гэж ойлгож байгаа. Ийм байдлаар оюуны өмчөө үнэгүйдүүлж байснаа ойлгоод, эдийн засгийн эргэлтэд оруулах санаачилга гаргасан нь сайн хэрэг. Түүнээс хойш дуучин Д.Алтанцэцэг болон бусад уран бүтээлч ч нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж, зохиогчийн эрхийн асуудлыг хөндөх нь зөв хэмээсэн. Мөн Д.Өлзий-Оршихын акцаас хойш уран бүтээлчид манай байгууллагын Оюуны өмчийн лицензийн бүртгэлийн мэдээллийн системд бүтээлээ бүртгүүлж, зохиогчийн эрхийн гэрчилгээ авах сонирхол нь нэмэгдлээ.
-“Номин талст” хамтлагийн гишүүдэд дуугаа дуулахыг зөвшөөрснөө тэрбээр саяхан нийгмийн сүлжээнд бичсэн шүү дээ. Ийм байдлаар зөвшөөрөл өгч болох уу?
-Олон улсын түвшинд, ер нь манайхаас өөр улсад бол зохиогчийн эрхээ хамгаалахын тулд зөвхөн албан ёсны гэрээ хийдэг. Гэрээ байгуулж, бүтээлээ дуулуулах уу, тоглуулах уу, бүжиглүүлэх үү гэдгийг шийдэх шаардлагатай. Тиймээс дуугаа дуулахыг зөвшөөрсөн бол заавал гэрээ байгуулаарай гэсэн хүсэлтийг “Өнөөдөр” сониноор дамжуулаад Д.Өлзий-Оршиход зориуд тавимаар байна. Нэгэнт акц явуулаад, маш сайн жишиг тогтоох эхлэлийг тавилаа. Хүмүүс ч эергээр хүлээж авлаа. Тэгвэл үүнийгээ бичгийн хэлбэрт оруулаад, баталгаажуулчихвал бас нэг зөв жишиг, соёл бий болгоно. Энэ чиглэлээр манай байгууллагынхнаас зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Оюуны өмчийн газар, тэр дундаа Зохиогчийн эрхийн газрынхан маш нээлттэй ажилладаг.
ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫНХАН БҮТЭЭЛЭЭ ХЭРХЭН ҮНЭЛЭХЭЭ ШИЙДЭЖ, ТАРИФ ТОГТООХ БОЛОМЖТОЙ
-Оюуны өмчийн лицензийн бүртгэлийн мэдээллийн системд ойролцоогоор хэдэн бүтээл бүртгүүлсэн бол?
-Одоогоор 15 мянга орчим бүтээл бүртгэлтэй. Бүтээлүүдийг энэ системд бүртгэснээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгодог. Хэзээ, хэдэн онд нийтийн хүртээл болсон, хэн гэдэг хүний ямар уран бүтээл вэ гэх зэрэг мэдээлэл нь нээлттэй байгаа.
-Гэрчилгээ аваагүй, бүртгүүлээгүй ч тухайн уран бүтээлчийн зохиогчийн эрх хамгаалагддаг гэж та өмнө дурдсан. Гэсэн ч үүнийг ойлгохгүй хүн цөөнгүй байх шиг санагдаж байна.
-Зохиогчийн эрхийг төрийн байгууллагаар заавал гэрчлүүлж, бүртгүүлж байж хамгаалдаг гэж ойлгодог хүн цөөнгүй бий. Тийм биш. Бүтээл төрмөгц л тухайн уран бүтээлчийн хувьд зохиогчийн эрхээ хамгаалуулах, халдашгүй байдлаа баталгаажуулах эрх нь нээгддэгийг дахин хэлье.
-Уран бүтээлчид бүтээлээ хэрхэн үнэлж, эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Жишиг үнэ тариф бий юү?
-Зохиогчийн эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа нэг чухал заалт оруулсан. Тэр нь уран бүтээлчид зохиогчийн эрхийн объектын төрлөөр хамтын удирдлагын байгууллагыг дагнан байгуулж болно гэсэн заалт юм. Хамтын удирдлагын байгууллага гэдэг шинэ нэршил гарч ирж байгаа биз. Энэ нь уран бүтээлчид эвлэлдэн нэгдээд, зохиогчийн эрхийг хамгаалах зорилготой байгууллага байгуулна гэсэн үг. Олон улсад ч ийм жишиг, туршлага бий. Хамтын удирдлагын байгууллагынхан бүтээлээ хэрхэн үнэлэхээ ярилцаад, дундаж тариф тогтоож болно. Ийм байгууллагад нэгдээгүй чөлөөт уран бүтээлч бол бизнесийн зарчимд захирагдаад, бүтээлээ хэдээр ч үнэлэх боломжтой. Худалдан авагчтайгаа зөвшилцөн, үнэлгээ тогтоож болно гэсэн үг. Гэхдээ энд шударга өрсөлдөөний зарчим үйлчилж таарна. Тиймээс манай байгууллагын зүгээс уран бүтээлчид аль болох хамтын удирдлагын байгууллага байгуулж, эвлэлдэн нэгдээд, тодорхой тарифт захирагдаж хэвшээсэй гэсэн байр суурь баримталдаг. Ингэснээр илүү олон уран бүтээлчийн эрхийг хамгаалах боломж бүрдэнэ. Монгол хүний оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хамтын удирдлагын байгууллага бий болгох нь хамгийн оновчтой.
-Одоогийн нөхцөл байдлаас харахад, хууль, эрх зүйн орчноо, ялангуяа зохиогчийн эрхтэй холбоотой харилцааны талаар нэлээд сурталчлах шаардлагатай гэж ойлголоо. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд хуулийн сурталчилгаа тааруу гэж бодохгүй байгаа. Харин монгол хүмүүсийн нүүдэлчин соёл иргэншил, хэвшмэл ойлголттой холбоотой асуудал л бий гэж боддог. Жишээ нь, үг, ая зохиогчид “Миний дууг дуулчих” гээд л зөвшөөрчихдөг. Гэрээ байгуулах нь бараг байж боломгүй зүйл мэт ойлгодог. Энэ нь зөвхөн зохиогчийн эрхтэй холбоотой асуудал ч биш. Ер нь бид нийтээрээ гэрээ байгуулах соёлд суралцаагүй. Тухайлбал, гэр бүл хоорондын гэрээ гэж байдаг. Гэр бүл болсон хүмүүс уг нь эд хөрөнгийн гэрээ байгуулах ёстой гээд хуульчилсан. Гэтэл хайр сэтгэлээрээ гагнагдсан хүмүүс гэрээ байгуулах шаардлагагүй гэдэг хэвшмэл ойлголт хаа сайгүй байна. Гэрээ байгуулбал бараг муу ёр гэж үздэг. Гэр бүл салж, шүүхэд маргаан үүсэх үед л гэрээ байгуулах хэрэгтэй байсныг ойлгодог. Ийм байдалд орсон хүмүүс л үүнийг ойлгоно уу гэхээс биш, бусад нь ойлгодоггүй. Яг түүн шиг манай уран бүтээлчид гэрээ байгуулалгүйгээр бүтээлүүдээ өгч, авалцаад сурчихсан. Үүнийгээ л өөрчлөөсэй гэж бид уриалаад байгаа юм. Мэдээлэл, зөвлөгөө бол хангалттай байгаа. Тиймээс уран бүтээлчид ч хууль, эрх зүйн ойлголттой болж эхэлсэн. Харин цаашид мэдлэг, ойлголтоо бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлээсэй л гэж хүсэж байна.