Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд өчигдөр мэдээлсэн. ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа “Сар шинийн баяраар амьсгалын замаар дамжих халдварт өвчин өргөн хүрээнд тархах магадлалтай. Улсын хэмжээнд Улаанбаатар болон 12 аймагт уг өвчний идэвхжил өндөр байна. Томуугийн А хүрээний H3N2 болон коронавирусийн тархалт их байгаа. Нэг дор олноороо цуглаж, хоорондоо золгох үед амьсгалын замын өвчнүүд дамжин тархах эрсдэлтэйг анхааруулъя” гэв.
Ялангуяа нярай болон бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, зүрх, судасны болон чихрийн шижинтэй, 65-аас дээш насныхан халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Тэд томуугийн халдвар авсан тохиолдолд биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй. Түүнчлэн сар шинийн өдрүүдэд бага насны хүүхдүүдийг үнсэж, нүүрэнд нь аль болох хүрэхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулав. Мөн амьсгалын замын халдвараас сэргийлэх аргуудыг хэрэгжүүлэхийг зөвлөлөө. Хамгийн энгийн арга нь гараа савантай усаар угаах, спиртээр халдваргүйжүүлэх, гэртээ хоёр цаг тутам агаар сэлгэх аж. Мөн гараараа нүүр амандаа хүрэхгүй байх ёстой гэнэ.