Зэвсэгт хүчний ангиудад цэргүүд амиа алдах, эрүүл мэндээрээ хохирохтой холбоотой хүний эрхийн зөрчил арилахгүй, үүний мөрөөр үр дүнтэй арга хэмжээ авахгүй байсаар удав. Энэ сарын 13-нд цэргийн алба хаагч амиа алдсаны дараа нийгмээрээ уг асуудлыг дахин нэг хэлэлцэн, “шүүж” буй. Хүний эрхийн үндэсний комисс(ХЭҮК)-оос гаргасан энэ чиглэлийн тайлангуудыг төрийн холбогдох байгууллагууд ажил хэрэг болгодоггүй, ач холбогдол ч үнэндээ өгдөггүй гэхэд болно. Цэргийн ангиудад зөрчил, дэглэлт байна гэдгийг гэрчүүд нотолж, ХЭҮК нь мэдэгдээд байхад л Батлан хамгаалахын сайд нь үгүйсгээд сууж буй. Алдаа байвал засах тухай бодох биш, арьсаа хамгаалахад л илүү төвлөрч буй түүнийг огцруулах шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгээс тавьсан. Танхимын гишүүндээ хариуцлага тооцох, эсэх нь Ерөнхий сайдын эрх мэдэл бол холбогдох хууль, эрх зүйн орчныг өөрчилж, буруу тогтолцоог засах нь парламентын ажил билээ.
Нийтийг цочроосон уг үйл явдалтай зэрэгцэн УИХ-аас энэ сарын 22-23-нд Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран “Хүний эрх, жендерийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг зохион байгуулав. Хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээ хийсэн дэлхийн анхны парламент нь Монгол Улсынх боллоо гэсэн “хөөрүү” мэдээлэл цацагдаж байна. Гэвч бодит байдалтай энэ үнэлгээ нь хэр нийцсэн, бас өөрчлөлт гарахад ямар түлхэц үзүүлэх вэ гэдэг нь илүү чухал.
ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ 2025-2028 ОНД ХАРНА
ОУПХ-ноос хүний эрх, жендерийн эрх тэгш байдлын зарчим, хэм хэмжээ, механизмыг улс орнуудын парламент хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэхэд зориулсан аргачлалыг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар болон бусад байгууллагатай хамтран боловсруулсан байдаг аж. Тус холбоотой манай УИХ өнгөрсөн онд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хүний эрхийг хангасан, жендерийн мэдрэмжтэй байх чиглэлээр үйл ажиллагаагаа сайжруулахад хамтрахаар болжээ. Ийнхүү өөрийн үнэлгээ хийх эхлэлээ тавьж, бас түрүүлж санаачилга, “зориг” гаргасан юм байна. Өөрийн үнэлгээг ОУПХ-ны ерөнхийнарийн бичгийн дарга Мартин Чунгонг “Энэ нь парламент дахь хүний эрх, жендерийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, бүх үйл ажиллагаандаа хэрхэн тусгах арга замыг тодорхойлох сайн туршлага, алдаа дутагдлаа дотооддоо эргэцүүлэн тунгаах боломж” хэмээн тодорхойлжээ. Ардчилсан тогтолцоо дэлхий дахинд хөгжөөд олон арван өнгөрч буй ч яагаад ч юм манай улсын УИХ-д анх удаа хүний эрхийн өөрийн үнэлгээ хийсэн аж. ОУПХ байгуулагдаад олон жил болсон ч жендерийн мэдрэмжийн үнэлгээг 2015 оноос л хийж эхэлсэн, харин хүний эрхийг хангаж буй, эсэхийг анх удаа тогтоосон нь энэ юм байна. Тэгэхээр Монгол Улс байнгын ажиллагаатай парламент байгуулсан 33 жилийн хугацаанд гаргасан алдаа, дутагдал байна гэдгээ хүлээн зөвшөөрч, хүний эрхийг хангахад ямар зөрчил байгаагаа шүүлгэх эр зориг гарган, сайн дураараа алдаагаа нягтлуулахаар салхи хагалжээ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Монгол Улс 33 жилийн өмнө хүний эрхийг хангах, хамгаалах ардчиллын үнэт зарчмын дагуу парламентын тогтолцоог бүрдүүлсэн. Үүнийгээ зөв, алдаагүй ажиллуулахыг хүсэж буй учраас УИХ өөрийн үнэлгээг санаачилгаараа хийж байна” хэмээн онцолжээ.
Ингээд долоон багц асуулгын хүрээнд манай парламентын хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг үндэсний болон олон улсын зөвлөхүүдийн тусламжтайгаар үнэлж, ХЭҮК, Жендерийн үндэсний хороо, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцсон байна. Хэлэлцүүлгийн дараа ОУПХ-ноос зөвлөмж гаргаж, тэр нь зөвхөн Монголд биш, олон улсад чиглүүлэг болох гэнэ. Мөн өөрийн үнэлгээний үр дүнд дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан бэлтгэж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, улмаар УИХ, түүний Тамгын газрын 2025-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгах нь. Тэгэхээр анх удаа 126 гишүүнтэй байгуулагдах шинэ парламентад бид шийдвэр бүртээ хүний эрх, жендерийн мэдрэмжтэй хандах ёстой гэсэн шаардлага тавих боломжтой болж байна.
51 ХУУЛЬ
Манай улсад хүний эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалт оруулсан нийт 51 хууль байдаг гэнэ. 2003 онд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг анх баталсан. Мөн 2022 онд Засгийн газрын 355 дугаар тогтоол баталж, Хүний эрхийг хангах үндэсний хороог байгуулсан юм. ХЭҮК-ын үйл ажиллагааг хуулиар зохицуулдаг болсон, хүний эрх, эрх чөлөөний тайлан, илтгэлийг нь УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэж, өгсөн зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болгосон байна. Гэвч яг одоогоор цэргүүдтэй холбоотой хүний эрхийн зөрчлийн талаар гаргасан ХЭҮК-ын тайланг хэрэгжүүлээгүйн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй л явна.
Юутай ч энэ мэтээр өнгөрсөн хугацаанд хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох бүтэц, байгууллага ч бий болгоод авсан аж. Гэвч хууль батлаад л бүх зүйл сайхан болчихдоггүй. Үүнийг хэрэгжүүлж, хяналт тавих нь маш чухал. Гэтэл манайд тэр олон хуулийн хэрэгжилт муу, төрийн байгууллагуудын уялдаа сул, төсөв хүрэлцээгүй, мониторинг хийж, үр дүнгээ хэмждэггүй гэх мэт сул тал байгааг хэлэлцүүлгийн явцад тодорхойлжээ. Одоогийн нөхцөл байдлаа үнэлж, ямар ахиц гаргах ёстойгоо зөв тодорхойлох нь өөрийн үнэлгээний зорилго байдаг. Тиймээс ирэх жилүүдэд парламент энэ алдаагаа засах нь.
Тэгвэл жендерийн тэгш байдлыг хангах, аливаа шийдвэр гаргахдаа энэ талын мэдрэмжтэй, эсэх тухайд нөхцөл байдал ямар байна вэ. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг парламент 12 жилийн өмнө баталсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэр гаргах түвшинд буюу парламентад эмэгтэйчүүдийн оролцоо 17.1, Засгийн газрын түвшинд 12.5 хувьтай байгаа юм. Хуулийн хэрэгжилт цаасан дээр зурсан шигээ төгс байдаггүйн шалтгаан нь УИХ-ын гишүүд нь жендерийн мэдрэмж муутай холбоотой аж. Жендерийн үндэсний хорооны дэргэдэх Жендерийн үндэсний шинжээчдийн бүлгийн дарга Б.Долгор “Парламентаас баталж буй хууль тогтоомж жендерийн мэдрэмжгүйгээс болж амьдралд хэрэгжих нь тааруу. Хууль тогтоомжийг боловсруулж батлахдаа хүйсээр ангилсан мэдээлэл, жендерийн дүн шинжилгээнд үндэслээгүй, нөлөөллийг тооцоогүйгээс төр, засгийн бодлого, арга хэмжээ, үйлчилгээ хүндээ, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй, үр дүн нь харагдахгүй байна” гэжээ.
УИХ-ын зүгээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, 2024 оноос нийт нэр дэвшигчдийн 30, 2028 оны сонгуулиас 40 хувь нь эмэгтэйчүүд байхаар тусгасан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад намууд бүх шатны удирдах албан тушаалтнуудынхаа 40 хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлэх заалт оруулсан юм. Энэ мэтээр жендерийн тэгш байдлыг шийдвэр гаргах түвшинд хангуулах талаар УИХ багагүй ахиц гаргасан байна. Одоо үр дүн, хэрэгжилт нь ямар байхыг харах учиртай.
ОУПХ 2015 оноос жендерийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээ хийсэн бөгөөд манайх 13 дахь улс нь болж буй юм. Тус холбооноос шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдлыг 50:50 хувиар хангах чиглэл өгч байгаа. Түүнчлэн жендерийн мэдрэмж нь зөвхөн эмэгтэй хүний хийх ажил, анхаарах асуудал биш. Үүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг, оролцоо тэнцүү байх ёстой гэдгийг сануулжээ. Тиймээс улс орнуудын парламент эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохирсон, жендерийн түншлэлийг дэмжсэн, нийгэм дэх тэгш байдлыг бүрэн хангасан орчин бий болгохыг уриалсан байна.
Хүний эрх, жендерийн мэдрэмжтэй парламентаас л зөв хууль батлах нь тодорхой. Харин манайд хэрүүл, тэмцэл хийсний дүнд хуулиа батлуулж чадаж буй ч хэрэгжүүлэхдээ хангалтгүй байна. Хэрэгжүүлэхгүй бол эдгээр хууль цаасан дээрээ л үлдэж хоцорно. Дээрх үнэлгээний бас нэг тал нь парламентын хяналтыг сайжруулж, баталсан хуулиа ажил хэрэг болгоход чиглэсэн юм билээ. Тэгсэн цагт аль ч байгууллага, шатанд хүний эрх, жендерийн тэгш байдал сая нэг “бүрэн” болох биз ээ.