Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газар Зайсан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлажээ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж юуг хэлдгийг уншигчид гадарлаж буй биз ээ. Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу аливаа дүүрэг, орон сууцын болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож, төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг ийнхүү хэлдэг. Товчхондоо суурин газрын тодорхой хэсэгт төлөвлөлт хийхийг мэргэжлийн хэллэгээр ингэж ярьдаг юм. Тэгвэл энэ удаа Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах 708 га талбайд төлөвлөлт хийхээр “амлан авчээ”.
Эл хоёр хороо нь саяхныг хүртэл нэгдмэл байсан. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн тогтоол, шийдвэрээр зарим хорооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, хилийн цэсийг нь шинэчлэхдээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороог хоёр хуваасан. Ингэснээр тус дүүрэг 2100 гаруй өрх, 7300 орчим хүн амтай шинэ хороотой болсон юм.
11, 22 дугаар хороонд ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн байраас эхлээд Туулын I-III гудамж, “Соёмбот”, “Дипломат”, “Дүнжингарав”, “Хийморь”, “Хатан туул”, “Дрийм ланд” зэрэг цөөнгүй хотхон, Ар Зайсангийн гудамж дахь амины орон сууцууд, “Богд уул” сувилал, “Зайсан хилл” соёл, амралтын цогцолбор, Богинын ам хамаарч буй. Үндсэндээ Зайсан толгой орчмын бүс харьяалагддаг гэсэн үг.
Богдхан уулын дархан цаазат газрын 33 амнаас хамгийн их төвлөрөл, олон орон сууцын хотхон, хороололтой нь энэ хэсэг. Төвдөө ойр, байршил сайтай учраас бэл бэнчинтэй хүмүүс тэнд төвхнөхийг илүүд үздэг. Эрх мэдэл, албан тушаалтай нь давуу байдлаараа далайлган энэ аманд эзэн сууж, газрыг нь цөлмөсөн. Тэгвэл өдгөө боловсруулахаар зэхэж буй хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө Зайсангийн амны төвлөрөл, түгжрэлийг даамжруулж, хүн гишгэх сул орон зайгүй болгон, нөхцөл байдлыг улам дордуулж мэдэхээр байна.
Тухайн бүсэд төлөвлөлт хийхээр нийслэлийн холбогдох байгууллагаас сонгон шалгаруулалт зарласанд зайсангийнхан “Амьдрахад бүр ч хүндрэлтэй болох нь” хэмээн зовниж, болгоомжилж эхэлжээ. “Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хамаг газраа алдсаныхаа дараа төлөвлөлт хийх гэлээ” хэмээн унтууцах хүн ч олон. Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хуудсанд оруулсан тендерийн зар мэдээлэлд иргэдийн үзүүлж буй хариу үйлдлээс энэ байдал тод анзаарагдав. Бухимдахаас ч яах вэ. Нээрэн л өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн тохуурхалтай шийдвэр гэлтэй. Иргэдийн олонх нь “Ингэхэд төлөвлөлт хийх сул орон зай бий бил үү” гэж асууж байна. Богдхан уулын дархан цаазат газрын амнууд бүгд эзэнтэй болж, үнэтэй, тансаг зэрэглэлийн хотхон, хорооллоор дүүрсэн.
Тэр дундаа Зайсан, Нүхт, Арцатын ам хамгийн олон тооны газар эзэмшигчтэй болж, даац нь хэтрээд байгааг БОАЖЯ-наас өнгөрсөн жил зарласан билээ. Нэмж газар олгох, барилга, байгууламж барих байтугай хууль зөрчин олгосныг нь цуцлах замаар төвлөрлийг сааруулах хэрэгтэйг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан дурдаж байв. Суурьшлын бүс болоогүй хэсэг бусаг газрыг хамгаалж үлдэх шаардлага тулгараад байгааг ч онцолсон. Гэтэл орон зайн оновчтой төлөвлөлт хийх зорилготой гэх дээрх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг, Зайсан, Богинын аманд сул үлдсэн хэсэг газрыг “залгих”-аар санаархаж эхэлсэн бололтой. Энэ хэсэг бол Ар Зайсан буюу бидний нэрлэж заншсанаар Зайсан толгойн хойд хэсэг, түүнээс баруун тийш үргэлжлэн тогтсон Богинын ам (хүмүүс Соёмботой уулаар сайн мэддэг) юм. Тухайн бүс дэх харьцангуй сийрэг хэсэг нь энэ.
Хэнийх, юу гэдэг нь үл мэдэгдэх, дутуу барьсан барилга, байгууламж эл бүсэд цөөнгүй байдаг. 708 га талбай гэдэг нь дархан цаазат уулын амуудад олгосон нийт газрын хэмжээтэй харьцуулахад бага боловч тухайн бүсийн даац, төвлөрөл, хөдөлгөөний эрчимд нөлөөлөх байдалтай дүйцүүлэн авч үзвэл тийм ч “жижиг” тоо биш. 10 000 иргэнд өрхийн хэрэгцээний зориулалтаар олгосон газартай дүйцэхүйц хэмжээний талбай юм. Тэгэхээр энэ бүс ирэх жилүүдэд эзэнтэй болж, барилга, байгууламжаар дүүрээд ирэхээр Зайсан орчимд муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр улам чихцэлдэх шинжтэй. Ингэж хардах шалтгаан нь Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгавар болов.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын гарын үсэг бүхий эл баримт бичгийг энэ оны наймдугаар сарын 30-нд баталжээ. Үүний дагуу өдгөө зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлаад буй. Зургийн даалгаврын зорилгод “Тухайн нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны одоогийн байдлыг үнэлж дүгнэн, цаашдын нийгэм, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүдтэй нийцүүлэн тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагаа, орон зайн оновчтой төлөвлөлтийг боловсруулах” гэжээ. Өөрөөр хэлбэл, тус бүсэд цаашид ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулбал тохиромжтой гэж тодорхойлохоос шалтгаалаад бүтээн байгуулалтууд хийх нь. Шийдвэрлэх үндсэн асуудлуудад “Хот байгуулалтын тухай хууль, Улаанбаатар хотын хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан зөвшөөрөгдөх үйл ажиллагаа, барилгажилтын дүр төрх (өнгө, фасад)-ийг тодорхойлох, нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж болон орон сууцын олон төрөлт хэлбэр (ногоон, түрээсийн, төлбөрт нийцсэн)-ийг гудамж, замын сүлжээ, цэцэрлэгжилт, суурьшлын бүсүүдтэй уялдуулан төлөвлөх, аялал жуулчлалыг дэмжих зорилтын хүрээнд байнгын ажлын байр бий болгох шийдлийг дэвшүүлэх” хэмээн тусгаснаас Зайсан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг ямар зорилгоор боловсруулж байгаа, үүнд тулгуурлан юу хийх нь маш тодорхой харагдаж буй юм.
Нийслэлийн удирдлагууд, холбогдох байгууллага, албан тушаалтнууд Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг үл ойшоосон, харш гэмээр шийдвэрүүдийг өнгөрсөн хугацаанд гаргаж ирсэн. Бодлогын залгамж халаагүй, тогтвортой үзэл баримтлал, төлөвлөгөөгүй учраас дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд дураараа дургиж, юу хүссэнээ хийдэг. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг ч ийм байдлаар боловсруулж, далд эрх ашгийн үүднээс хотын сул орон зайд “тоглолт” хийсээр ирсэн юм. Уг нь анхны тооцооллоосоо гурав дахин олон хүн амтай болсон, “цементэн ширэнгэ” хэмээх хоч зүүтлээ барилга, байгууламжид эзлэгдсэн хотын бодлого, хөгжлийн төлөвлөгөө илүү тодорхой, тогтвортой, оновчтой, ухаалаг байх ёстой. Гэтэл манай нийслэлийн удирдлагууд хуучны, түүхэн дурсгалт байгууламжуудыг хоморголон нураах, дэл сул орон зайд гял цал, өндөр барилга босгох байдлаар л хот төлөвлөлтийг харж, төсөөлж байна уу гэлтэй хуумгай шийдвэрүүд гаргасаар өдий хүрэв. Зайсангийн ам үүний нэг бай нь болов.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга .Сумъяабазар нар дархан цаазат Богдхан уул, тэр дундаа Зайсангийн амыг “хамгаалах” чиглэлд зорилго нэгдэж, үүнтэй холбоотой цөөнгүй тушаал, шийдвэр гаргасан. Холбогдох хууль, журам зөрчсөн гэх үндэслэлээр өнгөрсөн өвөл, хавар цөөнгүй иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцалсан. Мөн аялал жуулчлал нэрийн дор Зайсангийн аманд төвхнөсөн аж ахуйн нэгжүүдийн барилга, байгууламжийг нурааж, газрыг нь амралт зугаалгын бүс болгож тохижуулаад буй. Одоо өрнөж байгаа үйл явдал, ил болоод буй мэдээллүүдээс харахад тэдний энэ үйлдэл Богдхан уулыг хамгаалах бус, газрыг нь чөлөөлж, өөрсдийнхөө төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэсэн далд санаархал ч байж болох юм.
Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаврыг нэгэнт баталчихсан. Үүний хүрээнд 350 сая төгрөгөөр зөвлөх үйлчилгээ авахаар тендер зарласан. эсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил гараанаас хэдийн хөдөлсөн гэсэн үг. Харин замдаа сааталгүй явсаар бариандаа орох, санаачилсан хүмүүс нь зорилгодоо хүрэх, эсэх нь хотын шинэ дарга Х.Нямбаатараас ихээхэн шалтгаалах биз ээ. Тэрбээр ажлаа авсан даруйдаа л хот төлөвлөлт хэмээх хамгийн чухал, ээдрээтэй, эмзэг асуудлыг “шүүрч” авсан билээ.