Туул голын эрэг дагуух газруудад иргэд амарч, зугаалах орчин бүрдүүлэхээр хэсэгчлэн тохижуулж байна. Энэ онд Бага тэнгэрийн амны ард, мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд амралт, зугаалгын цогцолбор бий болгохоор тохижилтын ажлыг нь эхлүүлээд буй аж. Дээрх хоёр байршилд тоглоомын, сагсан бөмбөг, волейбол, экстрим спортын талбай, дугуйн, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, дасгалын төхөөрөмж, сүүдрэвч, нийтийн бие засах газар зэргийг барихаар төлөвлөжээ. Бага тэнгэрийн ам орчмын голын эргийг HRV компани жил гаруйн өмнөөс тохижуулж эхэлсэн бөгөөд ажлын явц дгөө 90 хувьтай гэнэ. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд жлын гүйцэтгэл 60 хувьтай ж. “Скай ресорт” цанын бааз руу явах замд буюу “АСЕМ вилла” хотхоны баруун хойд хэсгийг тохижуулах ажил бүрэн дуусаж, өнгөрсөн зунаас ашиглалтад оруулжээ. Эдгээр мар ажил хийснийг сурвалжиллаа.
Бага тэнгэрийн ам орчимд, голын эргийн ойролцоо “Амралт зугаалгын цогцолбор ажлын байршил-2” гэсэн самбар байрлуулжээ. Хоёр хэсэг газарт зургаан ажилчин гүүрэн байгууламж болон хүүхдийн тоглоомууд угсарч байв. Тэд “Хүйтэнд хийж болох ажлуудаа амжуулаад, удахгүй дуусгана. Дулаарахаар үлдсэнийг нь хийх юм” гэж ярив. Мөн 100 машины зогсоолтой талбай зассан ч нээгээгүй аж.
Нийт дөрөв орчим га талбайд тус компанийнхан явган хүний зам, амрах, суух болон зугаалах орчин зэргийг цогцоор нь бүрдүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. Үүний хүрээнд өнгөрсөн намар 350 мод тарьж, 20 мянган ам метр талбайд зүлэг суулгажээ. HRV тохижилт, үйлчилгээний компанийн хангамжийн менежер Р.Чойжилсүрэн “Бид ажлаа өнгөрсөн жилийн зургаадугаар сараас эхэлсэн. Тухайн үед нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтэн, инженерүүд тохижилтын ажлын зураг төслийг гаргасан юм.
Энэ хавьдаа манайх хамгийн том талбайтайд тооцогдоно. Хүүхдийн насны ангиллаар тоглоомын талбайг гурван хэсэгт байгуулж байна. Тухайлбал, бага, дунд насныханд зориулсан тоглоомын хэсэг, дасгал хийх төхөөрөмжтэй. Аялал зугаалгын улиралд иргэд зориулалтын талбайд үзвэр болон урлагийн тоглолт үзэх задгай театр барьж буй. Театрын суурийг нь хийсэн, хана барих ажил дутуу. Машины зогсоолыг нээгээгүй. Голын эргийн тавцан, гэрэлтүүлэг, сүүдрэвч зэргийг хийж дууслаа. Жалганы ам дагуух талбай дөрвөн гүүрэн гарцтай. Нийтийн бие засах газар хоёрыг барих юм” гэв. Талбайн ихэнх хэсэгт ногоон зүлэг суулгасан бөгөөд сандал болон хогийн савнуудыг ойр ойрхон байрлуулжээ. Мөн дугуй хэлбэртэй төмөр суурь гурав байв. Үүнийг иргэд сууж амрах зориулалттай модон тавцан болгох гэнэ. Уг цогцолборыг ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулах аж.
“АСЕМ вилла” хотхоны баруун хойд хэсгийг тохижуулах ажлыг хэдийн дуусган, ашиглалтад оруулжээ. Зориулалтын зогсоолд 5-6 машин байв. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд энд голдуу ирж салхилдаг . Тэдний нэг нь “Манай гэр эндээс нэлээд зайтай. Хааяа өдрийн цагаар хүүхдээ салхилуулахаар зорьж ирдэг. Энэ хавийг өнгөрсөн зун тохижуулж дуусгасан. Дулаахан өдрүүдэд хүмүүс олноор ирдэг юм. Хүүхдийн тэрэг түрээд явах, мөн буулгах зориулалттай бетон замуудтай нь таалагддаг. Бас нийтийн бие засах газар ажиллаж байгаа болохоор тухтай. Мөн хоггүй цэвэрхэн орчин бүрдсэн нь сайхан санагдаж байна” гэв. “Хүүхдүүддээ хараа хяналтаа сайжруулаарай”, “Төрийн өмчийн эзэмшлийнх” гэсэн бичигтэй самбарыг голын ойролцоо байрлуулжээ.
Энд гэрэлтүүлэг 20 гаруй, сүүдрэвч, том асар, амрах ширээ, сандлууд, хогийн сав оёрыг байрлуулжээ. Харуулын байрны ажилтан “Би дөрвөн улирлын турш ажиллах гэрээтэй. Нийслэлийн Хот тохижилтын газраас биднийг ажиллуулдаг. Бид амрахаар ирсэн иргэдэд голдуу үйлчилдэг юм. Мөн нийтийн бие засах газрыг цагийн хуваарийн дагуу ажиллуулдаг. Эмэгтэйчүүдийн дөрөв, эрэгтэйчүүдийн хоёр бие засах газартай. Хогоо өдөр бүр цэвэрлэж байна. Дулаан өдрүүдэд олон хүн ирэхэд хог ихэсдэг. Тиймээс манай гэр бүлийн хүн нэмэлтээр ирж ажилладаг юм. Голдуу ахмад настан, бага насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүд ирж салхилдаг. Зарим үед согтуу хүмүүс ч ирнэ” гэв. Уг газарт Бага тэнгэрийн амныхтай адил модон тавцан хийжээ. Мөн модон шонтой хашлагуудыг явган хүний замуудаар зааглан хийсэн байлаа.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Амгалан орчимд бас голын эргийн хэсгийг тохижуулж байна. Тэд ажлаа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар барилга угсралтын СНН компанийнхан гүйцэтгэж буй аж. Хүйтэрсэнтэй холбоотойгоор тэд саяхнаас ажлаа зогсоожээ. Уг ажлыг өнгөрсөн зунаас эхлүүлж, 10 га газрыг засаж, тохижуулж байгаа гэнэ. Цаашид скейтбордоор гулгах болон 3х3 сагсан бөмбөгийн талбай тус бүр хоёрыг, явган хүний дугуйн зам барих гэнэ. Түүнчлэн элсний волейбол, мөсөн гулгуур, тэшүүрийн, тоглоомын талбай, худалдааны гудамж, дугуй түрээслэх хэсэг, түргэн хоолны, бие засах газар, сүүдрэвч зэргээс бүрдэх гэнэ. Одоогоор гэрэлт гудамжны бетон суурийг цутгасан. Мөн тоглоомын талбай, сүүдрэвчүүдийн суурийг хийсэн байна. Мах шарах хэсгийн зуухнууд, мөсөн гулгуурын талбай хашлага, явган хүний болон дугуйн замыг хийж дуусгажээ. Мөн ирэх онд машиндаа суугаад, дэлгэцээр кино үзэх авто кинотеатр ч нээхээр төлөвлөсөн аж.