Ёлын ам, Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий нутгийг хамардаг Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газарт энэ оны эхний 10 сард 28 457 жуулчин нэвтэрчээ. Үүний 17 143 буюу 60 орчим хувь нь гадаадын иргэн бол 11 404 нь дотоодын аялагч аж. Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаад жуулчдын тоо 59 хувиар өсөж, дотоодынх 21 хувиар буурчээ.
Цар тахлын улмаас 2020-2022 онд жуулчдын урсгал эрс татарсан. Энэ хугацаанд Говь Гурвансайханд гадаадын 7000 гаруй жуулчин аялжээ. Тэгвэл 2023 оны эхний 10 сард өмнөх гурван жилд хүлээн авснаас 61.3 хувиар илүү тооны аялагч ирээд байна. Аялал жуулчлал сэргэхийн хэрээр говийн бүсийг зорих гадаадын иргэд нэмэгдэх хандлагатайг дээрх газрын хамгаалалтын захиргааныхан дурдав. Тухайн бүс нутагт аялсан гадаадын жуулчдыг улсаар нь ангилахад 60 хувийг нь солонгосчууд эзэлжээ. Үүний дараа орос, хятад, герман, америк, канад, австрали жуулчид зонхилж байна. ,