БОАЖЯ-ны удирдлагууд доктор Т.Одбаяр тэргүүтэй судлаачдыг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзаж, мазаалай хамгааллын чиглэлээр санал солилцлоо. Эл амьтны амьдрах орчинд тулгарч буй бэрхшээлүүдийг бууруулах, тархац нутгийг нь тэлэх, тоо толгойн тогтвортой өсөлтийг хангах, үндэсний болон олон улсын хэмжээнд таниулах зорилгоор Засгийн газрын тогтоол батлуулахаар санал авч, нэгтгэж байгааг яамны мэргэжилтнүүд энэ үеэр онцоллоо. Салбарын сайдын А/466 дугаар тушаалаар 2024 оныг “Мазаалай хамгаалах жил” болгож зарласан. Үүнтэй холбоотойгоор ирэх жил говийн баавгайг хамгаалахад зориулж нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн уг амьтныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлжэ.
Мазаалайг хамгаалахад судлаачдын оролцоог хангаж, энэ чиглэлээр хийсэн судалгаа, статистик мэдээллийг нэгтгэх нь чухал. Ингэж байж хамгааллын төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах нөхцөл бүрдэнэ хэмээн талууд санал нэгдэв. Ташрамд дурдахад, говийн баавгайн хамгааллыг сайжруулах чиглэлд анхаарч буйтай холбогдуулан АНУ-ын Бойсе мужийн их сургуулийн зочин судлаач, доктор Т.Одбаярыг Монголд ажиллуулж байгаа аж.