Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс Монголын байгалийн гэрэл зургийн шилдэгийн шилдэг олон улсын уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа уламжлал болгон зарласан билээ. Тус уралдаанд Монголын төдийгүй олон улсын гэрэл зурагчид оролцож уран чадвар, нарийн мэдрэмж, олон өдрийн хичээл зүтгэлээ дүгнүүлснээс дэлхийн 14 орны 110 гэрэл зурагчны 638 бүтээлээс шилдэгийн шилдэг бүтээлүүд тодорсон юм. Ингэхдээ энэ сарын 3-нд шүүгчдийн дүнг нэгтгэн дөрвөн төрөл тус бүрд шилдэгүүдийг шалгарууллаа. Өмнөх жилийнхтэй харьцуулахад энэ жил өөр өөр улс орноос гэрэл зурагчид оролцосон нь энэхүү уралдаан жилээс жилд хүрээгээ тэлж байгааг харууллаа. Монголын байгалийн гэрэл зургийн уралдааныг эх орондоо зохион байгуулснаараа Монгол Улсыг зорих гадаадын гэрэл зурагчид, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дотоодын зурагчдын бүтээлийг олон улсад сурталчлан таниулах, Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг татах, байгалийн үзэсгэлэн болон ахуй соёлын онцлогоо бусдад таниулах зэрэг олон талын ач холбогдолтой аж. “Энэ жилийн уралдаанд ирсэн бүтээлүүд бүгд өөр өөрийн онцлогийг агуулснаас гадна гэрэл зурагчид Монгол орны гоо үзэсгэлэнг өөр өөрийн өвөрмөц өнцөгөөс харуулсан нь энэ жилийн уралдааны бас нэг онцлог, үр дүн юм. Энэхүү уралдаан дэлхийд Монгол Улсыг таниулах, суртчлахад багагүй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй” хэмээн Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийнхэн оноцолсон юм. Шүүгчдийн нэгтгэсэн дундаж үнэлгээгээр Монголын байгалийн гэрэл зургийн шилдэгийн шилдэгүүд тодорсон байна.
2023 оны Шилдэгийн шилдэг зургаар Гончиг овогтой Ган-Өлзийгийн “Адуучин” зураг шалгарчээ.
Үзэсгэлэнт байгаль төрөлд
- Тэргүүн байранд, Ж.Амартүвшин “Эрин зууны үргэлжлэл”
- Хоёрдугаар байранд, Б.Баяр “Элсэн далайг гатлах адуун сүрэг”
- Гуравдугаар байранд, С.Нацагдорж “Болжморын жиргээ”
Монгол ахуй төрөлд
- Тэргүүн байранд, Жатенипат ЖКБой Кетпрадит “Цамын өмнө”
- Хоёрдугаар байранд, Э.Батхүү “Сарны хатираа”
- Гуравдугаар байранд, Э.Мөнхчулуун “Баатар”
Зэрлэг байгаль төрөлд
- Тэргүүн байранд Т.Ерөөлт “Ялалтын агшин”
- Хоёрдугаар байранд, Ц.Өлзий “Унтаж буй гоо үзэсгэлэн”
- Гуравдугаар байранд, Д.Цэвээнравдан “Довтлохын өмнө”
Агаарын гэрэл зураг төрөлд
- Тэргүүн байранд Б.Эрдэнэбулган “Аниргүй”
- Хоёрдугаар байранд, С.Мөнхбаатар “Хүнгүйн гол”
- Гуравдугаар байранд, Д.Баттулга “Хязгааргүй”
бүтээлүүд тус тус тодорсон байна.
Монголын байгалийн гэрэл зургийн олон улсын уралдаан урд өмнө нь зохион байгуулагдаж байсан уралдаануудаас хэд хэдэн зүйлээрээ онцлогтой аж.
- Уралдааны зураг хүлээн авах хугацааг маш уртаар буюу 8 сарын хугацааг гэрэл зурагчдад өчээ. Өөрөөр хэлбэл гэрэл зурагчид уралдаанд зориулан бүтээлээ бэлтгэх боломжийг олгож, цаашдаа өөрийгөө хөгжүүлэх, өрсөлдөөний орчин бүрдүүлэх зэргээр гэрэл зургийн хөгжилд хувь нэмэр оруулж байна.
- Монголын болон олон улсын шүүгчид хамтарч ажилласан. Тус уралдааныг олон улсын хэмжээний нэр хүндтэй гэрэл зурагчид, судлаачид болох Дан Буркхолдер, Даниель Кордан, Г.Октябрь, Г.Бадамсамбуу, Макс Мюнх, Пауль Зизка болон Ронан Донаван зэрэг шүүгчид гэрэл зурагчны нэрийг нууцалсан тусгайлсан код бүхий зурагнуудад оноо өгч, тэдгээр онооны нийлбэрийг гаргаж, хамгийн өндөр оноотой зурагнууд дээр хэлэлцүүлэг, шүүмж өрнүүлсэн байна. Шилдэгийн шилдэг 1 зураг, төрөл тус бүр дээр 3 байр, 1 тусгай байрын шагнал гээд нийт 14 зургийг онооны эрэмбэ, шүүгчдийн шүүмж, хэлэлцүүлгээр шалгаруулжээ.
- Залуу гэрэл зурагчдыг дэмжих хүрээнд 25 болон түүнээс доош насны гэрэл зурагчид уралдаанд бүтээлээ ямар нэгэн хураамжгүйгээр явуулах боломжийг олгосон нь залуу гэрэл зурагчдад өрсөлдөх боломжийг бий болгосон шинэ санаачлага байлаа.
- Уралдааны бас нэг зорилго нь гэрэл зургийн үнэлэмжийг дээшлүүлэх бөгөөд уралдаанд ирсэн бүтээлүүдийн оюуны өмч нь гэрэл зурагчдадаа үлдэж байгаа гэдгээрээ онцлогтой. Үүгээрээ бид оюуны өмчийг дээдлэх, гэрэл зурагчны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэхийг бусдад уриалж байна гэж ойлгож болно.
- Гэрэл зургийг хүлээн авахдаа веб дээр суурилсан системээр хүлээн авсан нь гэрэл зургийн уралдааны зураг хүлээн авах системийг шинэчилж ойлгомжтой болгосон бас нэг ахиц, оролдлого байсан юм. Цаашдаа бидэнд засаж сайжруулах зүйлс байгааг ч олж харлаа.
- Уралдаанд шалгарсан гэрэл зургийн шилдэг бүтээлүүдээр тусгай үзэсгэлэн, каталог гаргаж олон улсын түвшинд сурталчилах ажлыг хийхээр мөн төлөвлөж байгааг дуулгахад баяртай байна.
Зохион байгуулагчдын зүгээс тус уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүд тухайн жилдээ Монгол Улсыг сурталчилах онцгой сурталчилгааны бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн Блю Мон Таурт байрлах Норфей Арт Галлерейд 2023 оны 11-р сарын 10-нд нээлтээ хийх бөгөөд нэг сарын турш олон нийтэд дэлгэн үзүүлэх аж.
Тиймээс та бүхнийг Монголын байгалийн гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
Уралдааны ялагч нартаа халуун баяр хүргэж Монгол Улсынхаа гоо сайхан бүхнийг гэрэл зурагт буулгаж олон нийтэд сурталчилж байгаад гүн талархал илэрхийлье. Та бүхэн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл www.mlps.mn болон Mongolian Landscape Photographers Society Facebook пейжээр шилдэг зургуудийн талаарх мэдээллийг дэлхийн хаанаас ч авах боломжтой.
Дашрамд Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг нь Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнг таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2023 оны 5-р сард “Монгол орон бидний дуранд” үзэсгэлэнгээ Австрали улсад гаргасан бөгөөд 11-р сард Америкийн Нэгдсэн улсын Вашингтон хотод нийгэмлэгийн гишүүдийн хамтарсан үзэсгэлэнг гаргахаар бэлтгэж байна.