Дундговь аймгийн төвд мотоциклоор зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэрийг орон нутгийн удирдлага нь өчигдөр гаргажээ. Уг зохицуулалтыг энэ сарын 20-ноос дараа жилийн гуравдугаар сарын 10 хүртэл мөрдөх юм байна. Хүйтний улирал эхэлж, авто замд халтиргаа гулгаа үүсэж, мотоциклоос шалтгаалсан ослын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор ийнхүү шийдвэрлэсэн гэнэ. Хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд уг хязгаарлалтыг тогтоосноо аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ. Эл зохицуулалтыг зөвхөн аймгийн төвд мөрдөх бөгөөд бусад сумд хамаарахгүй аж. Ташрамд дурдахад, Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр улсын хэмжээнд өнгөрсөн онд мотоциклын осол 480 удаа гарч, 242 иргэн гэмтэж, 120 хүн нас барсан байна.
Бэлтгэсэн: М.Оч