Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын явц үргэлжлэхийн зэрэгцээ ажиллах инженерүүдээс нь БНЭУ-ийн Засгийн газрын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд бэлтгэж, мэргэжил дээшлүүлэхэд анхаарч буйг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс (МГТБҮ) мэдээллээ. Тодруулбал, тус үйлдвэрт ажиллах инженер нь үйлдвэрийн процесс, механик, автоматжуулалт, тоног төхөөрөмж, цахилгаан, дулаан, шугам хоолой зэрэг барилга, байгууламж, шугам хоолойн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй аж. Тиймээс онол, практик хосолсон цогц сургалтад суухаар 20 мэргэжилтэн өнгөрсөн ням гарагт Нью Дели хотыг зорьсон юм байна. БНЭУ-ын Засгийн газар манай оронд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлж буй бөгөөд инженерүүдийг бэлтгэх, чадавхжуулахад ч томоохон дэмжлэг үзүүлж, сургалтынх нь зардлыг дааж буйг МГТБҮ-ээс онцоллоо.