“Эрдэнэт үйлдвэр” урт хугацаанд тогтвортой ажиллах зорилгоор, нөгөөтээгүүр дэлхийн зах зээл дэх зэсийн эрэлт улам бүр нэмэгдэж буйд үндэслэн Эрдэнэтийн-Овоо ордынхоо зүүн өмнөд хэсэг дэх Оюутын ордод нарийвчилсан хайгуулыг өнгөрсөн хавраас 99.5 мянган га талбайд эхлүүлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 16 500 гаруй тууш метр өрөмдсөн аж. Үүний үр дүнд бага буюу 0.4, өндөр буюу 2-3 хувийн зэсийн агуулгатай хүдэржилтийн үе байгааг илрүүлжээ. Мөн хуучин хийж байсан хайгуулын үр дүнг баталгаажуулж, магадлалтай болон баталгаатай зэрэглэлийн нөөцийг бүртгэх боломж бүрдүүлснийг дээрх үйлдвэрээс мэдээллээ. Мөн ордуудын хил, хүрээ заагийг тогтоох захын цооног төлөвлөх, газрын гүн дэх хүдрийн шинж чанарыг мэдэх боломжтой болсон байна. Эрдэнэтийн-Овоо ордыг 60-70 жилийн нөөцтэй хэмээдэг ч ашиглах боломжтой хүдрийн хэмжээг ТЭЗҮ-ээр тодорхойлох аж. Тиймээс ТЭЗҮ-ийг нь хөндлөнгийн, мэргэжлийн компаниар хийлгэх ажлыг мөн эхлүүлсэн бөгөөд ирэх жил 20 мянган тууш метр өрөмдөх гэнэ.