Манай улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг хүнсний гуравхан бүтээгдэхүүний нэг нь мах. Мал, махны нөөц ихтэй учраас жилд 200 тонныг экспортлон, нэг тэрбум гаруй ам.доллар олох боломжтой хэмээн тооцдог. Тиймээс ч махны экспортыг нэмэгдүүлэх, малчид, бэлтгэн нийлүүлэгчид, боловсруулах үйлдвэрийн орлогыг өсгөх талаар байнга ярьж, бодлого боловсруулж буйгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлдэг. Одоогоор манайх БНХАУ, Япон, ОХУ, Казахстан зэрэг 10 гаруй улсад мал, мах, махан бүтээгдэхүүн экспортолж буй аж. Өнгөрсөн жил эдгээр оронд 16 000, 2023 оны эхнээс энэ сарын 1-ний байдлаар 53 200 тонныг нийлүүлж, борлуулалтаа нэмэгдүүлсэн ч нөөц боломждоо харьцуулахад бага хэмжээтэй хэвээр байна. Махны экспортыг нэмэгдүүлэх, малын борлуулалтыг өсгөхөөр бид хичээж байгаач төдийлөн ахиц алга. Тухайлбал, махны экспортыг нэмэгдүүлэх хамгийн чухал хөшүүрэг бол эрүүл мал өсгөн үржүүлэх юм.
Мал бол өсөж үрждэг, шавхагдашгүй гэж болох баялаг. Нөгөөтээгүүр, 70 саяас дээш мал гэдэг нь нийт нутгийн 80 орчим хувийн бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрснийг илэрхийлэх дүн болох нь Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын тайланд бий. Түүнчлэн 200 000 орчим малчин өрхийн орлого тогтмол бус, малын гаралтай түүхий эдийн борлуулалтын ашиг их биш хэвээр.
Үүний тулд эхний ээлжид хил дагуух аймгуудад эрүүл мал адгуулах, ногоон бүс бий болгоно гэсэн. Сүүлийн хэдэн жил Ховд, Увс, Дорнод зэрэг долоон аймагт хонь, үхэр, адууны бэлчээртэй, мал эмнэлгийн байгууллагын салбар нэгж, мах бэлтгэх үйлдвэр бүхий ложистикийн цогц төв байгуулна хэмээн ярьсан ч эл ажлын явц удаашралтай, шийдэгдэхгүй асуудал их байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Долоо биш, одоогоор Ховд, Увс, Баян-Өлгий гэсэн гурван аймагт эрүүл бүс байгуулахаар төлөвлөсөн. Дорнод аймагт 120 000 га талбайд малын тэжээл, экспортын таримал тариалж газар тариалангийн ногоон бүс бий болгохоор ярьж буй. Одоогоор эрүүл бүс байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар ажиллаж байна. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээхэн шаардана. Эрүүл бүс байгууллаа гэхэд олон улсын мал эмнэлгийн байгууллагаар баталгаажуулж, ногоон бүс гэсэн гэрчилгээ авна. Ногоон бүсийн бэлчээрийн талбай гэхэд маш том, дөрвөн улиралд мал адгуулж болохуйц, ус, ургамал жигдэрсэн байна гэсэн үг” хэмээв. Мөн ирэх оны төсөвт эрүүл бүс байгуулах ажилд зарцуулах хөрөнгө мөнгө бараг тусгаагүй, ер нь хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй байгааг тэрбээр илэрхийллээ.
Саяхныг хүртэл махны экспортын квот гэж байсан. Манай улсаас нийлүүлэх хонь, адуу, үхрийн махны хэмжээний жилийн дээд хязгаарыг тогтоон, түүнд нийцүүлж аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн бэлтгэн, борлуулж байв. Тэгвэл эхлээд бог малын махны квотыг цуцалж, сүүлд үхрийнхийг ямар ч хязгаарлалтгүйгээр борлуулах боломж бүрдүүлжээ. Гэсэн ч дээр дурдсанчлан малын өвчлөл, махны эрүүл ахуйн баталгаат байдлаас шалтгаалж борлуулах махны хэмжээ төдийлөн өсөхгүй байх магадлалтай хэвээр юм. Монголоос экспортолж буй мах олон улсын стандартыг 100 хувь хангаж чадахгүй байгааг дээрх яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хүлээн зөвшөөрөв. Тухайлбал, Европын орнуудын иргэд үхрийн махыг шүүрхий, эсвэл хагас болгож хүнсэндээ хэрэглэдэг. Шүүрхийгээр хэрэглэхийн тулд малыг төл байхаас нь төхөөрөх хүртэлх хугацаан дахь бүртгэл, мэдээллийг шаарддаг аж.
Үхрийн махыг шүлхийгээс гадна 40 орчим төрлийн өвчин тээгч шимэгчтэй гэж тооцдог учраас тэр. Тиймээс үхэр өвчилж байсан, эсэх, өвдсөн бол ямар эм бэлдмэл, вакцин, туулгыг хэзээ, хэр тунгаар хэрэглэснийг нэг бүрчлэн мэдэх шаардлага тавьдаг гэнэ. Ийм бүртгэл үүсгэхийн тулд малаа ээмэгжүүлэх шаардлагатай. Гэсэн ч ээмэгжүүлэх ажилд зарим малчин хойрго ханддаг, ээмэгний ашиг тусыг үл ойшоосон хэвээр аж. Ээмэгний үнэ өндөр, чанар муутай хэмээн гомдол мэдүүлэх нь олон бий гэсэн. Энэ тухай дээрх газрын Малын генетик нөөцийн хэлтсийн бүртгэлжүүлэлтийн мэргэжилтэн О.Номинболор “Малчдыг бүх малаа ээмэгжүүлэхийг улсаас тулган шаарддаггүй.
Бид зөвхөн цөм сүрэг, генетик нөөцөд багтдаг үржлийн 58 үүлдрийн малаа ээмэгжүүлэхэд анхаардаг. Ийм мал сүрэгт зүүх нэг ээмэг өнгөрсөн хаврын байдлаар 1300-1600 төгрөгийн үнэтэй байсан. Үүнийг тухайн малчнаас нь гаргуулсан. Харин бусад малчин өрх малаа ээмэгжүүлбэл махаа борлуулах, түүхий эдийн гарал үүслээ нотлоход түлхэц болно. Өөрөөр хэлбэл, малчдын хариуцлагын асуудал энд яригдана. Чанар муутай ээмгийг мэргэжлийн бус байгууллагаар малдаа зүүлгэснээр тэр нь амархан мултрах, малын чих үрэвсэх шалтгаан болдог. Малын ээмэгний материал, чанар, ямар мэдээлэл багтаахаасаа шалтгаалж 300-20 000 төгрөгийн үнэтэй байна. Хэт үнэтэй биш чанартай ээмгийг мэргэжлийн хүмүүсээр зүүлгэвэл төлөөс том мал болж төхөөрөх хүртэлх бүх мэдээллийг нь харж, гарал үүслийг нь тодорхойлон, гадаадад болон дотоодод борлуулах шалгуур хангана” гэв. Одоогоор нийт мал сүргийн хэдэн хувь нь ээмэгтэй байгаа талаар тооцоо алга.
Экспортлох махыг дотоодод борлуулж буйгаас илүү өндөр үнээр худалдан авдаггүй учраас малчид гадаад зах зээлд мах нийлүүлэхийн ач холбогдлыг ойлгодоггүй гэхэд болно. Энэ талаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын малчин Г.Алтангэрэл “Манайх махны чиглэлийн, ашиг шим сайтай хонь голлон малладаг айл. Гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлгийн гэрчилгээ бүхий махыг үйлдвэрт нийлүүлээд цөөнгүй жил өнгөрсөн. Манайхаас мал худалдан авдаг үйлдвэрийнхэн урд хөрш рүү мах нийлүүлдэг л гэдэг. Бид дотоодын зах зээл дэх тухайн үеийн ханшаар л хонио борлуулдаг. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлийн долоо хоногт 50 хонь тус бүрийг нь 220 000 төгрөгөөр зарсан. Нэг хонины амьдын жин 40 кг байсан гэвэл бид кг махыг 5500 орчим төгрөгөөр борлуулсан гэсэн үг. Гэтэл Улаанбаатарт хонины мах кг нь 10 000-аас давсан байгаа бол урд хөршид бүр 50 000 төгрөгөөс дээш үнэтэй гэх юм билээ. Малчдад экспортод нийлүүлэх бүтээгдэхүүнийх нь үнэ өндөр байна, тиймээс ийм шаардлагад нийцсэн мал, мах нийлүүлэх нь зүйтэй гэж таниулж, ойлгуулж, хамтран ажиллавал хаана хаанаа хэрэгтэй” хэмээв.
Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Ариунчимэг нь Хэнтий аймагт мах боловсруулах үйлдвэр, компанитай юм байна. Тэрбээр нөөцийн мах болон бусад хэрэгцээний зорилгоор мал төхөөрөх үйлдвэр байгуулаад 10 орчим жил болжээ. Махаа зөвхөн дотоодод нийлүүлдэг бөгөөд экспортод гаргах бүтээгдэхүүн бэлтгэхэд их хөрөнгө, ажиллагаа шаардахыг дурдсан юм. Ж.Ариунчимэг “Махны үйлдвэрүүд малчдаас хямд мах худалдан авч, дамлан борлуулдаг хэмээн ойлгож болохгүй. Үйлдвэрийн үйл ажиллагааны зардал, цалин зэргийг хасвал зарлага, ашиг дүндээ дүн байдаг. Хэрэв бид мах экспортлох боломжтой бол мэдээж дотоодын зах зээлээс илүү үнээр борлуулж, тэр хэрээр мал, мах худалдан авах ханшаа өсгөнө. Гэтэл жирийн үйлдвэрүүд мах экспортлох ямар ч боломжгүй. Махны экспортыг Монголд олон жил үйл ажиллагаа явуулсан, Хятадын компани, эсвэл нөлөө бүхий албан тушаалтан “баздаг”.
Тэгээд ч хэдий хэр, ямар мах худалдан авах хүсэлтээ урд хөршийн компаниуд ирүүлж, мах нийлүүлж буй үйлдвэрүүдэд өөрсдийн зөвшөөрлийг олгодог. Тиймээс хятадуудтай хэн сайн харилцаатай, олон жил хамтран ажилласан нь л махаа нийлүүлж буй. ХХААХҮЯ, МҮХАҮТ зэрэг байгууллагаас махны экспортын зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн, төвөг чирэгдэл багатай болсныг дурддаг ч экспортын зөвшөөрөлтэй 20 хүрэхгүй компани л эл салбарт “тоглож” байна. Гэтэл улсын хэмжээнд мал төхөөрөх, мах боловсруулах 180 орчим үйлдвэр, цех бий” хэмээн ярилаа.
Монголоос халал аргаар бэлтгэсэн махыг Иран, АНЭУ-д нийлүүлэх боломж бүрдүүлсэн, ингэж бэлтгэсэн хонины мах Ойрхи Дорнодын орнуудад эрэлт ихтэй, зах зээл нь ч бий хэмээн яригдсан. Тэгвэл одоогоор эл ажлыг дээрх улс оронтой хамтран ажиллах гэрээ байгуулсан цөөн аж ахуйн нэгж л гүйцэтгэж байгаа аж. Хэдийгээр чанарын шаардлага хангасан, халал мах бэлтгэн, нийлүүлэх нөөц боломж бий ч тээврийн асуудлаас шалтгаалж экспортын хэмжээ бага байгаа гэнэ.
Улсын хэмжээнд өнгөрсөн өвөл 71.1 сая мал тоолуулж, хавар 17.8 сая төл бойжуулж, өдгөө 80 сая сүрэг бэлчиж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ нь нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд нэгдүгээрт жагсах дүн. Мал бол өсөж үрждэг, шавхагдашгүй гэж болох баялаг. Нөгөөтээгүүр, 70 саяас дээш мал гэдэг нь нийт нутгийн 80 орчим хувийн бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрснийг илэрхийлэх дүн болох нь Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын тайланд бий. Түүнчлэн 200 000 орчиммалчин өрхийн орлого тогтмол бус, малын гаралтай түүхий эдийн борлуулалтын ашиг их биш хэвээр. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд махны экспорт чухал нөлөө үзүүлнэ. Гэтэл дийлэнх мал, бэлтгэх мах нь олон улсын стандартын шаардлага хангахгүй, экспортын хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй олон жилийн хугацаа өнгөрлөө.