Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхийг хангах, сэргээн засах, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах талаар эцэг, эхийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийв. Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв цөөн учир дорвитой үйлчилгээ авч чадахгүй байна гэв. Тиймээс хороо бүрд хүртээмжтэйгээр үйлчилгээ авах боломж бүрдүүлэхийг хүссэн юм. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсроход сургуулийн орчин нөхцөл шаардлага хангадаггүй, баг, хорооны ажилтнууд ч хүрч ажиллахгүй байгааг шүүмжлэв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй зарим хүүхдийн заавал уух шаардлагатай эм улсын хэмжээнд наймдугаар сараас хойш хомсдоод байгааг нэн даруй шийдвэрлэхийг ЭМЯ, БШУЯ-наас шаардлаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд нийгмийн даатгал, татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай гэв. Ингэснээр тэд хүүхдийнхээ асаргаа, сувилгаанд ахиу мөнгө зарцуулах боломжтой болох аж.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран өчигдөр Төрийн ордны баруун хаалганы гадна жагсаал зохион байгуулсан юм. Тэд өнгөрсөн сарын 29- нд эрх баригчдад хандан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх санал гаргаж, шаардлага хүргүүлсэн ч хариугаа одоо хүртэл аваагүй юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хайхрамжгүй хандаж байгаа тул Засгийн газар огцрох хүртэл тэд тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн.
Бэлтэгсэн: А.Тэмүүлэн