“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх хэрэгт холбогдон шалгуулсан хүмүүст НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхээсээ манай Засгийн газар татгалзаж, Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан, “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корпорэйшн) ХХК-д олгосон, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью ЭсСи” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан хэрэгт дээрх хүнээс гадна эл банкны гүйцэтгэх захирал О.Орхон, энд дурдсан корпорацын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар зэрэг хүнийг яллагдагчаар татсан билээ. Харин тэдэнд давуу байдал олгосон үндэслэлээр тухайн үеийн (2014-2016 он) Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарыг яллагдагчаар тооцоод байсан. Тэгвэл Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нар хил давж явсантай холбоотойгоор үйлдлийг нь тусгаарлаж, бусдыг нь шүүхэд шилжүүлсэн байна.
Тэдэн дээр нэмээд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддоржийг ч яллагдагчаар тооцон шүүхэд хүргүүлжээ. Бас“Кью ЭсСи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тускомпанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнхсоёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболдыг яллагдагчаар тооцсон байна.
Түүгээр ч зогсохгүй “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью ЭсСи” ХХК-ийг мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн байна. Төв аймагт тавьсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатаас гадна ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарын хэргийг нэгтгэн шилжүүлээд байна.
Дээр дурдсан 20 хүн, хоёр аж ахуйн нэгжид Эрүүгийн хуулийн 21.1-ийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5-ын хахууль авах, 18.6-гийн мөнгө угаах, 20.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 322 хавтас бүхий эл хэргийг өчигдөр хүлээн авснаа албан ёсоор мэдээлсэн юм.