БОАЖЯ, ЭЦА, ОБЕГ болон нийслэлийн төр захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийг" түргэн авхуулж", иргэдийг өдөржин айдаст автуулсан хэргийн учир тайлагдлаа. Тодруулбал, өглөөнөөс хойш үнэртсэн зүйл нь кропны хаягдал тос, масло байжээ.
Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг автомашины мотор, кропны хаягдал тос, масло дахин боловсруулж дизель түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эко стандарт петролиум" компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглагдахгүй болсон хаягдал маслыг бохирын шугам руу асгажээ. Тэд өчигдөр буюу аравдугаар сарын 11-ний орой 21.00 цагийн үед "Хьюндэй" маркын бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 20-30тонн кропны хаягдал тос, масло соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугам, худаг руу асгасан байна.
Энэхүү үйлдлийг хийсэн хүмүүс хэргээ хүлээсэн гэнэ. Тиймээс цагдаагийн байгууллагаас уг асуудалд хэрэг нээж, шалгаж эхэлжээ. Тухайн хүмүүсийг Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан "Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях" гэсэн үйлдэлд буруутгаж буй.