Оюутнуудад "Аюулгүй ажлын байр"-ны талаар мэдээлэл өгөх өдөрлөгийг Монгол Улсын Боловсролын их сургуулиас зохион байгуулжээ. Тус сургуулийн төв байранд болсон өдөрлөгөөр цалингаа авч чадаагүй гэх мэтээр эрхээ зөрчүүлсэн оюутнууд хөдөлмөрийн байцаагч нарт ханддаггүйг онцолжээ.
Оюутнууд ихэвчлэн цахим орчинд “Өндөр цалинтай ажилд оруулна, зуучилна. Яаралтай” гэх мэт баталгаагүй заруудад хууртдаг аж. Иймд өдөрлөгөөр оюутнуудад баталгаатай ажлын байрны зарыг хаанаас хайх, цалингаа бүтэн авч чадаагүй гэх мэт хөдөлмөрийн эрхээ зөрчүүлбэл хаана хандах талаар зөвлөв. Мөн ажил хийх хүсэлтэй ч хаанаас ажлын байрны зар хайхаа мэддэггүй оюутнуудад зориулж зөвлөмж гаргажээ.
“Аюулгүй ажлын байр” өдөрлөгийг “Мэддэг мэдээлдэг байя” аяны хүрээнд зохион байгуулав. Аяныг ХНХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, “Монгол контент” компани хамтран хэрэгжүүлж байна.