Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга АНУ манай улсын чухал гуравдагч хөрш болохын хувьд Монгол Улсын Засгийн газар харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэсэн юм.
Тэрбээр далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон улсын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, транзит тээврийг хөгжүүлж тээврийн зардлыг бууруулах, улмаар аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, гадаад хөрөнгө оруулалтын орчныг таатай болгоход хуурай боомтыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой байгааг тодотгон энэ хүрээнд Алтанбулаг, Замын-Үүд, цаашлаад баруун чиглэлд Ховд, зүүн чиглэлд Дорнод аймагт хуурай боомт байгуулахаар ажиллаж байгааг дуулгасан юм.
Монгол Улс Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын төв коридор, хил дамнасан автотээврийг хөгжүүлэх зэрэг тээвэр, логистикийн төслүүдийг хэрэгжүүлж буйг онцоллоо. Мөн үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган хуурай боомтыг барьж хөгжүүлэх нь худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт үүсээд буй тээврийн хямрал, зангилааг хөнгөвчилж, цаашлаад эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн онцлов.