Төрийн алба улам данхайсаар. “Цахим үндэстэн болно” гэж Засгийн газраасаа авхуулаад сүржин мэдээлж, дээд, дунд, доод бүх шатанд өөрчлөлт хийн, төрийн албыг цомхон, чадварлаг болгоно гэснээс хойш гурван жил өнгөрчээ. Тухайн үед буюу 2021 онд төрийн албан хаагчийн тоо 208,864 байж. Харин өнгөрсөн оны эцсийн байдлаар эл үзүүлэлт 16.000 гаруйгаар нэмэгдэн, 225.205-д хүрчээ. Энэ бол манай улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 20 орчим хувь нь. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхэлж буй таван хүн тутмын нэг нь төрд ажилладаг гэсэн үг. Цаашлаад нийт хүн амын бараг долоон хувийг төрийн албан хаагч эзэлж байна. Гэхдээ тоо нэмэгдлээ гээд төрийн үйлчилгээ сайжирсангүй, харин ч улам хүнд сурталтай болж, цаасан доороосоо өндийж чаддаггүй хэвээр байгааг шүүмжлэх хүн олон.
НЭГ ЖИЛД 70 БАЙГУУЛЛАГА НЭМЭГДЭВ
Улсын хэмжээнд төрийн байгууллагын тоо өнгөрсөн оны эцсийн байдлаар 4232 байжээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ 70 гаруйгаар нэмэгдсэн дүн аж. Тэгвэл өнөө жилийн тухайд хэдэн байгууллага нэмэгдсэнийг Төрийн албаны зөвлөлийнхөн хараахан тоолж амжаагүй байгаа аж. Тэд энэ он дуусангуут тоолох юм гэсэн. Дээрх 70 байгууллагын дотор 17 цэцэрлэг, 11 сургууль, дөрвөн эмнэлэг, шинжлэх ухааны хүрээлэн нэг, соёлын төв дөрөв байна. Мөн яам, Засгийн газрын агентлаг тус бүр хоёр, төрийн захиргааны 31 байгууллага шинээр бүртгүүлсэн байгаа юм. Улмаар төрийн албан хаагчийн тоо өнгөрсөн оныхоосоо 7.8 хувиар өсжээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тухайд нэн шаардлагатай нь маргах зүйлгүй. Нийслэлд л гэхэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ үргэлж хүндрэл учруулсаар ирсэн тул харин ч бүр олноор нь барих ёстой. Гэтэл манай төр, засаг 2022 онд цэцэрлэгээс олон төрийн захиргааны байгууллага бий болгосон байгаа юм. “Алсын хараа-2050” нэртэй, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” тодотголтой, эрх баригчдын гаргасан “мөрөөдлийн жагсаалт” бий. Энэ баримт бичигт “Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг, тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан, иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэх” гэсэн зорилт тусгасан байдаг. Энэхүү зорилтдоо хүрэхээр бий болгосон, төрийн үйлчилгээний “E-Mongolia” систем нь ч саяхан гурван нас хүрлээ.
ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ТӨРИЙН АЛБЫГ ДАНХАЙЛГАХ ДАЛИМ БОЛОВ
Цахим үйлчилгээ нэвтрүүлснээр ийм хугацаа өнгөрсөн бол алба хаагчид, байгууллагын тоо ч илт цөөрөх учиртай. Гэтэл буурах бус, харин ч нэмэгдсэнийг өмнө дурдсан. Тэр дундаа цахим үйлчилгээ эрхлэх чиг үүрэгтэй байгууллага, албан хаагчийн тоо илт нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал, Засгийн газраас Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар гэсэн томоохон гурван байгууллагыг 2022 онд бий болгожээ. Төрийн бүтцийг хумих ёстой цахим үйлчилгээ нь эсрэгээрээ гурван байгууллага “төрүүлчихсэн” гэсэн үг. Эдгээрээс гадна Үндэсний дата төв, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг цахим үйлчилгээ хариуцдаг байгууллага ч бий. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газрын тогтоол ёсоор бол тус яам нь 87 орон тоотой байх ёстой. Одоогоор үндсэн орон тоондоо арай хүрээгүй буюу 78 албан хаагчтай. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь 160 гаруй албан хаагчтай юм байна. 2022 оны арванхоёрдугаар сард байгуулсан тус агентлаг нь нийслэл болон 21 аймагт салбар хэлтэстэй. “И-Монгол академи” УТҮГ-ын тухайд 114 алба хаагчтай. Зөвхөн энэ гурван байгууллагад л гэхэд 350 гаруй хүн ажилладаг. Гэтэл тэдний хийдэг ганц ажил гэж болох “E-Mongolia” систем байнга шүүмжлэл дагуулж, үйл ажиллагаа нь доголддог. Аюулгүй байдлыг бүрэн хангасан, эсэх нь ч эргэлзээтэй. Хүүхдийн мөнгө авах иргэдийн хүсэлтийг тус системээр дамжуулах дамжуулах гэж яаж холион бантан болголоо доо. Зарим иргэний хүүхдийг хасаад, зарим дээр нь нэмчихсэн тохиолдол ч бий. Уг нь 3.4 сая хүн амтай манай улсад цахим үйлчилгээг нэг яам, эсвэл агентлаг, газар байхад л бүрэн хариуцаж чадах биш үү. Нөгөө талаар цахим үндэстэн болно гэдэг хөөрцөглөл нь иргэдийн төлөө гэхээсээ илүү төрийн бүтцийг зузаатган, олон нийтийн эрх чөлөөг хумих гэсэн л арга болохыг цөөнгүй цөөнгүй жишээгээр нотолж болно. Жишээ нь, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнгөрсөн нэгдүгээр сард Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг гэнэт УИХ-д өргөн мэдүүлж, ердөө хоёрхон хоногийн дотор эцэслэн батлуулахаар улайрч байв. Хүний эрхийг хамгаалах нэртэй ч үнэндээ бол эрхэд нь илтэд халдах агуулгатай уг хуулийн төслийг олон нийт эсэргүүцэж, улмаар Ерөнхийлөгч хориг тавьснаар буцаан татсан билээ. Товчхондоо, төрийн алба томорлоо гээд иргэн бидэнд нэмэр бус, харин ч нэрмээс болсоор байгаа юм.
ХАМГИЙН ТОМ НЬ ЗАСГИЙН ГАЗАР
Өмнө дурдсанаар манай улс төрийн 4232 байгууллага, 225 205 албан хаагчтай. Эдгээр байгууллагын 88, албан хаагчдын 96 хувь нь Засгийн газрын харьяаных. Өөрөөр хэлбэл, төр дотроо Засгийн газар хамгийн том ажил олгогч гэсэн үг. Үлдсэн хувь нь Ерөнхийлөгч, УИХ, шүүх эрх мэдэл, нутгийн өөрөө удирдах байгууллагынх. Засгийн газар нь ч өөрөө том. Түүхэнд байгаагүй олон буюу Засгийн газрын тэргүүнийг оролцуулаад нийт 22 сайдтай. 16 яамнаас гадна “Түгжрэл”, “Боомт”, “Спорт”-ын гэсэн сул сайд хүртэл бий. Харьяа агентлагийнх нь тоо ч түүхэнд байгаагүй олон буюу 38. Засгийн газрын одоогийн бүтцийг 2022 онд баталсан байдаг. Түүнээс хойш олон сайд, дарга сэтэртэн нь гоншигнохоос өөрийг хийлгүй өдий хүрсэн гэхэд болно. Бас улс орныг “самарч”, будилаан хутгаснаас өөр гавьяагүй. Сул сайдын нэг, “түгжрэл”-ийн гэх тодотголтой байсан байсан Ж.Сүхбаатар л гэхэд оногдсон ганц ажил болох хэдхэн автобус худалдаж авах үүргээ ч олигтой гүйцэтгэж чадаагүй. Бүр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай хамтраад ч үүнийг хийж дөнгөөгүй юм. Төрийн албаны чадамжийг сайжруулах, хүний нөөцөө хэрхэн байршуулах вэ гэдгийг зөв, оновчтой зохион байгуулах ажил манайд дутмаг байна гэсэн үг.
ЧАДАМЖГҮЙ, СЭТГЭЛГҮЙ ЗӨВЛӨЛ
“Сумд малын асуудал хариуцсан таван хүн байдаг мөртлөө хүүхдийн мэргэжилтэн гэж байдаггүй. Иймд сумд асуудал үүслээ гэхэд аймгийн төвөөс мэргэжилтэн очих гэсээр байтал нөхцөл байдал хүндэрчихдэг. Аймаг, сумд тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг мэддэг мэргэжилтэн дутмаг” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа энэ сарын 5-нд мэдээлэв. Жилээс жилд “үржсээр” байгаа төрийн албан хаагчид яг хэрэгтэй цэгтээ, зөв газартаа байдаггүйг төрийн сайдынх нь яриа ийнхүү илчлэв. Уг нь хаана ямар мэргэжилтэн хэрэгтэй, тэднийг яаж бэлдэх, хаана сургах вэ гэсэн бодлого төрд байх ёстой ч манайд тэр нь алга. Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь ч үүнд анхаардаггүй. Энүүхэнд гаргах сэтгэл тэдэнд байдаггүй. Уг нь Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд зөвлөлөөс баталсан төлөвлөгөө, зааврын дагуу хүний нөөцийн аудит хийж, хүний нөөцийн удирдлагын чиг үүргийг сайжруулах зөвлөмж гаргах” гэсэн үүргийг тусгасан байдаг юм билээ. Хэдий болтол тус зөвлөлийнхөн эл үүргээ биелүүлэхгүй, жилд нэг удаа тайлан гаргахаас хэтрэхгүй, төрийн албаны шалгалт зохион байгуулахаас өөр ажилгүй суух гэсэн юм бол оо.
Засгийн газраас Цахим хөг жил, харилцаа холбооны яам, “И-Монг ол академи” УТҮ Г, Төр ийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар гэсэн томоохон гурван байгууллагыг 2022 онд бий болгожээ. Төрийн бүтцийг хумих ёстой цахим үйлчилгээ нь эсрэгээрээ гурван байгууллага “төрүлчихсэн” гэсэн үг