Дорноговь аймгийн Сайншанд сумд энэ сарын 3-нд 12 настай охин хичээлдээ явахаар гэрээсээ гараад эргэж ирсэнгүй. Өмнө нь бусдыг хүчирхийлсэн болон өөр элдэв хэрэгт ял шийтгүүлсэн, хугацаагаа дуусгалгүй шоронгоос гарсан этгээд охины аминд хүрсэн гэдэг нь олон нийтийг цочирдуулж байна. Хүүхдүүдээ хайхралгүй үлдээж, хамгаалж чадахгүй байгааг сануулсан эл эмгэнэлт хэрэг нь шийдвэр гаргагчид, тэр дундаа бараг сүүлийн найман жилийн турш эрх барьж буй намынхны ажилд дүн тавьж, сургамж үлдээлээ. Өмнө нь яг энэ сумаас алга болсон охин үхсэн, амьдын сураггүй өчнөөн жил өнгөрөв. Мөн зүгээр л замаар, гарцаар гарч яваад амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон хүүхэд ч хэтэрхий олон. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид нь хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ харж хандах хатуу даалгавартай манай нийгмийн төрхийг гэртээ цоожлуулж үлдээд үрэгдсэн, гэмтсэн бяцхануудын өрөвтгөм түүх илчилж буй. Хойт эцэг, эх, тэр ч бүү хэл төрсөн аав, ээждээ ч тамлуулж, хүчирхийлүүлсэн үрсийн тухай мэдээнд та, бид дөжрөх нь. Эцэст нь зул өргөн эмгэнэж, гашуудлаа тайлахдаа “Ал, цаазал” хэмээн жагсаж, турхирахаас хэтрэхгүй нь бололтой. Шийдвэр гаргагчид гэнэт л сэхээ авах мэт Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг парламентын түвшинд сонсож, хүүхдүүд гэмт хэрэг, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртөж, эрх нь зөрчигдөн, амьд явж, хөгжиж, хамгаалуулж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрлөө. Хүүхдийн эрхийн асуудлаар нээлттэй сонсгол ч зохион байгуулах гэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Асуудлаа тодорхойлоод, бүгд хамтарч ажиллах, урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг шинэ шатанд гаргах хэрэгтэй” хэмээнэ билээ. Шинэ шатанд биш юм гэхэд хүүхдүүдээ хамгаалах наад захын арга хэмжээ авч, хэдэн үе, дамжлагаар хоцорч, орхигдсон бодлого, үйл ажиллагаагаа цогцоор нь эргэн харж, бүрэн хэрэгжүүлж “гялайлгаач”, улстөрчид өө. Мөн хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулж буйг 25 болгон нэмэгдүүлэх, гэмт хэрэгтнийг нь магадлангаар суллах, өршөөл, уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт, өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгасан төсөл боловсруулж эхлэв. Үүнийг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар буюу нөгөөдөр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт хэлэлцэх нь. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлснээр бага насны хүүхдийн амь насыг хохироосон гэмт хэргийг Эрүүгийн хуулиар (2002 оны) шийтгэхдээ дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байсан бол 2015 оны хуулиар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийг дунджаар 14.25 жил хорьж буй аж. Өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого найман хувиар зөөлөрснийг өнөөдөр мэдсэн мэт уулга алдах нь утгагүй. Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг 2015 онд АН-ынхан эрх барьж байхдаа баталсан гэж бухах ч хэрэггүй. Төрийн ял, шийтгэлийн бодлогын алдааг засаж, сайжруулах хугацаа та бүхэнд хангалттай байсан, Ардын намынхаан. Иймд энэ сэдвийг сонгуулиар санал цуглуулах арга хэрэгсэл гэж бүү хараасай. Хүүхэд хамгааллын талаар хүүхнүүд л ярьж, анхаарах ёстой хэмээн шахаж, эмэгтэй сайд, гишүүд нь ч “дүр” бүтээн, оноо авах гэж аргалаад өнгөрмөөргүй байна. Ташрамд дурдахад, Засгийн газрын хуралдаанаар камержуулах ажлын талаар ч ярих бололтой. Гэвч Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн бариад буй ирэх оны улсын төсвийн төсөлд камержуулахад нэг ч төгрөг тусгаагүй юм билээ шүү