“Ногоон хот-иргэний оролцоо” уриатай Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд нийслэлд ү ргэлжилж байна. Монголын мод үрж үүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооныхон үүний хүрээнд БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран нийслэлчүүдэд тарьц, суулгац нийлүүлэх, зөвлөгөө, мэдээлэл түгээх зорилготой “Модлог экспо-2023” үзэсгэлэн, худалдааг Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр нээлээ. Иргэд тэнд очсоноор Монгол орны мод үржүүлгийн талбайд бойжуулсан чанартай, баталгаатай тарьц, суулгацуудыг худалдан авах боломжтой гэнэ. Экспод “Ногоон харш”, “Таримал загийн төгөл”, “Ази цэцэрлэгжилт”, “Одтоб”, “Агро форест”, “Буян үйлстэн”, “Шинэс ой” зэрэг олон жилийн туршлагатай, мод үржүүлгийн 20 орчим компани оролцохоор бүртгүүлжээ. Мөн бордоо үйлдвэрлэгчдийн төлөөлөл бүтээгдэхүүнээ танилцуулж буй аж.
Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтэн “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгж үүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо өнгөрсөн жилээс манай хүрээлэнд үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж эхэлсэн. Энэ удаагийнх дөрөвдэх нь. Бид энэ үйл ажиллагааг цаашид тогтмол болгох зорилго тавьсан. 2023 оны намрын экспод 20 орчим байгууллага оролцохоор бүртгүүлснээс орон нутагт үйл ажиллагаа явуулдаг газрууд ирээгүй байна. Бямба гараг гэхэд ирц бүрдэнэ. Тэр үед тарьц, суулгацын төрөл, зүйл, үнэ ханшийн талаар нэгдсэн мэдээлэл өгнө” гэсэн юм. “Модлог экспо-2023” үзэсгэлэн энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.