Азийн хөгжлийн банк Монгол Улсын төс өв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах 100 сая ам.долларын зээлийг өчигдөр баталлаа. Тус банкны Улсын секторын удирдлагын тэргүүлэх мэргэжилтэн Ханс ван Райн “Монголын эдийн засаг уул уурхайн орлогоос өндөр хамааралтай учраас түүхий эдийн зах зээлийн савлагаа, гадаад зах зээлийн цочрол, сөрөг нөлөөлөлд өртөмтгий байна. Төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах энэхүү дэд хөтөлбөр нь татварын орлого төвлөрүүлэлт болон өрийн удирдлагыг сайжруулах, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг дэмжинэ” хэмээн тодотгожээ.
Манай улсын эдийн засаг өндөр хэлбэлзэлтэй, агшилт-тэлэлтийн мөчлөгтэй удаа дараа нүүр тулж буйг дурдав. Тиймээс эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулахад анхаарах хэрэгтэй агаад бүтцийн шинэчлэлийг хурдацтай хэрэгжүүлэх нь нэн чухал гэлээ. Эл хөтөлбөрийн хүрээнд дотоодын татварын удирдлагын бүтцийг боловсронгуй болгох, олон улсын татварын гэрээ хэлэлцээр, сайн жишигтэй илүү нийцүүлэх, мэдээлэл солилцоог автоматжуулах замаар татварын орлогын өсөлтийг дэмжих аж. Түүнчлэн эрсдэлд суурилсан хандлага, аргачлалыг өрийн удирдлагад нэвтрүүлж, дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжин, төсөв, өрийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлснээр Монгол Улсын өрийн тогтвортой байдал сайжрах гэнэ. Мөн дээрх хөтөлбөр нь банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын орчныг улам боловсронгуй болгох, чанаргүй зээл шийдвэрлэлтийн үйл явцыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд нөлөөтэй аж. Эдгээр шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг дэмжих эрх зүйн орчныг шинэчлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх ач холбогдолтой хэмээн тэмдэглэв.
Б.Сонор