Монголын багш нарын 57 дахь удаагийн баяр өчигдөр тохиолоо. Багшийн цалин бага, ажиллах орчин нөхцөл, олон нийтийн үнэлэмж тааруу зэрэг олон шалтгааны улмаас эл өдөр боловсролын салбарынхан ажил хаяхаа өмнө нь мэдэгдээд байсан билээ. Багш нарын гол шаардлага нь цалингаа 1000 ам.долларт хүргэх байв. Юутай ч өчигдөр тэд ажил хаяхаа түр азнаж, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжиллээ. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооныхноос энэ талаар тодруулахад “Боловсрол, шинжлэх ухааны яамтай хэлэлцээр хийхээр болсон. Ойрын хугацаанд ярилцаж, шийдэлд хүрнэ хэмээн найдаж байна. Тиймээс одоохондоо багш нар ажил хаяхгүй” хэмээсэн юм. Салбарын яамнаас эхлээд холбогдох бусад байгууллагынхан уламжлал ёсоор өчигдөр “Багш нартаа баярлалаа” хэмээн “уянгалж”, мэндчилгээ дэвшүүлжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь багш бэлтгэх тогтолцоо, багшийг тасралтгүй хөгжүүлэх, нийгмийн баталгааг нь хангах юм. Боловсролын чанарыг тодорхойлогч нь багш. Тиймээс цаашид багшийн хөгжилд онцгой анхаарах болно” хэмээн мэндчилгээндээ онцолжээ. Уг нь жилд ганц тохиодог баяраар л ийм амлалт өгдөг биш, салбарын хэмжээнд багшийн хөгжлийг тасралтгүй дэмждэг байх ёстой. Гэтэл үүрэгт ажлаа хүлээн аваад хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн сайд нөхцөл байдлыг одоо л ойлгосон мэт ийнхүү ярьсанд зарим багш дургүйцлээ илэрхийлж байлаа. Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагад өдгөө 53 000 орчим багш ажиллаж байна. Тэдний 37 703 нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллаж буй гэнэ. Бас өдгөө улсын хэмжээнд 3000 гаруй багш дутагдалтай аж. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай улсад цэцэрлэгийн нэг багшид 28 хүүхэд ногдож байна. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 20 хүүхэд ногддог аж. БШУЯ-наас багш нарын олонх нь 1.2-2 сая төгрөгийн цалин авдаг хэмээн мэдээлж байсан. Үүн дээр нэмэгдэл хөлс, гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулал авдаг гэсэн мэдээллийг олон нийтэд өгөөд буй юм. Харин бодит байдалд багш нар үндсэн цалингаасаа татвар, шимтгэл зэргийг төлөөд гар дээрээ маш бага мөнгө авдаг. Бас гүйцэтгэлийн үр дүн, нэмэгдэл хөлс зэргийг авах нь өдрийн од шиг ховор зэрэг шалтгааныг дурдан, цалингаа нэмүүлэхийг шаардаж буй билээ.