Сураггүй болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагааны талаар ХНХ-ын сайд Х:Булгантуяа, МБА-ны дарга, хурандаа Н.Мишигдорж, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 108 төвийн удирдлага мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл хийв. Тэрбээр "Өнөөдрийн хувьд эрэн хайж байгаа охинтой холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын явцын талаар прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлэл өгөх зохицуулалттай. Прокурор зөвшөөрөл өгөөгүй учир гэмт хэргийн явцын талаар мэдээлэх боломжгүй байна. Харин эрэн сурвалжлах ажиллагааны талаар мэдээлэл өгье.
Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон Д гэгч охиныг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Эрэн сурвалжлах ажиллагааг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудоржоор ахлуулсан бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд өргөн цар хүрээтэй зохион байгуулж буй.
Мөн Өмнөговь аймаг, Дорноговь аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг, АОК-ын гишүүд, ОБЕГ-ын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаанд оролцож байна. ОБЕГ-аас өнөөдөр өглөө 07:00 цагт нисдэг тэргийг Дорноговь аймгийн Сайншанд сум руу явуулж, агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Газраар ч автомашинтай алба хаагчид хайж байна. Эрэн сурвалжлах ажиллагааг зэргэлдээ сум, аймгийн төв зэрэг хүн байж болох газруудад цагдаа, онцгой байдлын алба хаагчид, иргэд, АОК-ын гишүүд хамтран явуулдаг.
Хүүхдийн асуудалтай холбоотой батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацах, иргэдийг талцуулахгүй байхыг хүсье. Энэ нь хүүхдээ эсэн мэнд олдоосой хэмээн хүлээж буй гэрийнхэн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Эх сурвалж тодорхойгүй, батлагдаагүй мэдээллээс болж гэрчүүд олдохгүй, худал мэдүүлэг өгөх, хамтран гүйцэтгэгч байгаа бол оргон зайлах байдал үүсдэг. "Охин эсэн мэнд олдлоо, нас барсан байдалтай байна" гэх батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ цацах нь ёс зүйд нийцэхгүйг хэлье. Үнэн зөв, батлагдсан эх сурвалжтай мэдээлэл түгээх нь чухал байна" хэмээн хэллээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээллийн үеэр “Хүүхэд хүчирхийлэлтэй хатуу тэмцэнэ. Хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод зарлаж, зургийг цахим орчинд байршуулдаг болно. Өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсөв 300 гаруй сая төгрөг байна. Гэхдээ хүрэлцдэггүй. Хөдөө сумд малын асуудал хариуцсан таван мэргэжилтэн байдаг ч хүүхдийнх алга. Манай салбарт мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Ажилд уриад ордоггүй, ороод ч тогтдоггүй.
Хүүхэд хамгаалалд 8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хүүхэд нэг бүрт хуваавал нэг хүүхэд 5 мянган төгрөг ногдож байна. Эмзэг бүлгийн хүүхдэд 15 мянган төгрөг ногдоно. Ерөнхий сайд өнгөрсөн хавар хүүхэд хамгаалалд анхаар гэсэн. 2024 оноос хүүхэд хамгааллын төсвийг 6 тэрбумаар нэмэгдүүлж, 14 тэрбум болгоно. Дахин хэлэхэд хүүхэд хамгаалалд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй байна. Хүүхдийн хамгаалалд эцэг эхээс гадна багш нар чухал үүрэгтэй. Багш нар ажлын ачааллаасаа болоод хүүхдэд тохиолдсон хүчирхийллийн асуудлыг цагдаад мэдэгддэггүй байхыг үгүйсгэхгүй" гэлээ.