Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 271024 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгааг салбарын яамнаас нь мэдээлжээ. Засгийн газар өнгөрсөн оноос “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна” гэх уриалга дэвшүүлсэн. Улмаар хамгийн их ачаалалтай Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, хоёроос дээш настай бүх хүүхдийг хүлээн авах зорилт тавьж байв. Гэсэн ч нийт хүүхдийг бус, 81 хувийг нь л хамруулж чадсан юм. Энэ хичээлийн жилийн тухайд Улаанбаатарт 2-5 насны 142 798 хүүхэд бүртгэлтэй байгаагаас одоогоор 89.2 хувь нь цэцэрлэгт явж буй гэнэ. Түүнчлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрийг хүлээн авснаар зарим цэцэрлэгийн ачаалал хэт ихэсжээ. Тухайлбал, нэг ангид 40-өөс олон хүүхэд хүлээн авсан байгууллага нийслэлд 20 байгаа аж. Баянгол дүүргийн 24, 26, Хан-Уулын 15, 17, 23, 24, Баянзүрхийн 25, 26, 36, 42 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх цэцэрлэгүүд ийм өндөр ачаалалтай гэнэ. Улсын цэцэрлэгүүдийн байр хангалтгүй учраас хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах, эсвэл байр түрээслэх зэрэг арга хэмжээг холбогдох байгууллагынхан хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд хувийн цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал олгох замаар 28 000 хүүхдийг элсүүлжээ. Түүнчлэн 100 байр түрээсэлсэн бөгөөд тэдгээрт 11 350 хүүхэд хүлээн авчээ. Гэсэн ч Улаанбаатарт цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй хэвээр байгаа аж.
М.ОЧ