Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлсэн үр дүнг танилцуулжээ. Жилийн өмнө гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж, төгрөгийн ханш өдөрт 2-6 төгрөгөөр унаад байсан юм. Тиймээс Засгийн газраас өнгөрсөн хугацаанд нийт таван арга хэмжээ хэрэгжүүлснээр гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, 1.7 тэрбумаар өссөн байна. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв. Ашигт малтмал борлуулах, тээвэрлэх гэрээг бүртгэлжүүлснээр төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол уул уурхайн бүтээгдэх үүний бирж ажиллуулснаар зарах үнийг нүүрсэнд 100-180, төмрийн хүдэрт 56-84 доллар болгон нэмэгдүүлж, нийт 7.5 сая тонн нүүрс, 101 мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжжээ. Мөн ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалтын 500 гаруй нууц гэрээг ил болгон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон, уурхайн амны үнээр гэрээ байгуулдгийг зогсоож хилийн ханшаар тогтоосон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зэрэг компани энэ бүхэнд гол үүрэг гүйцэтгэснийг сайд онцолсон. Улмаар 2023 оны эхний найман сарын байдлаар эдийн засаг 6.5 хувиар өсөж, төгрөгийн ханш 3457 төгрөгт тогтвортой байгааг хэлэв. Зэсийн баяжмалын экспорт 1.5 сая тонн, газрын тос 3.2 сая баррель болж, хоёр саяар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Тэрбээр “Энэ оны эхний есөн сарын байдлаар 47 сая тонн нүүрс экспортлоод байна. Он дуусахад 52 сая тонныг гаргах боломжтой. Бүх талдаа хичээж ажиллавал 60 сая тонн нүүрс экспортлох боломж бий” гэлээ.