ШУА-ийн Археологийн хүрээлэн, нийслэлийн Соёл урлагийн газар, Унгар улсын Элчин сайдын яамтай хамтран хоёр жилийн өмнөөс “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийг хэрэгжүүлж буй. Түүхэн дурсгалт уг газрыг өнгөрсөн оны долдугаар сараас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Газар зохион байгуулалтын албаныхан хамтран тохижуулж эхэлжээ. Гүйцэтгэгчээр “Өндөрхаан-Өргөө” компанийнхан ажиллаж байна. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн уг дурсгалд түшиглэсэн байгалийн нээлттэй үзмэр буюу ил музей байгуулахаар санаачилсан аж. Үүний хүрээнд тэд дурсгалуудын он цагийг нарийвчлан тогтоож, Монголын эртний түүхийн судалгааг шинэ хэрэглэгдэх үүнээр баяжуулах зорилготой гэнэ.
Өнгөрсөн жил төслийн хүрээнд уг дурсгалт газрын хамгийн том буюу язгууртны нэгдүгээр булшны малтлага, судалгааны ажлыг эхлүүлж, чулуун байгууламжуудыг цэвэрлэжээ. Одоо оршуулгын хэсгийг судлахад бэлтгэж буй юм байна. Энэ дурсгалд тулгуурлан байгуулах ил музейн ажлын явцыг сурвалжиллаа. Уг дурсгалт газар нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Бэлхийн амны баруун уулын энгэрт, модон дунд байрладаг, байгалийн үзэсгэлэнт орчинтой. Судалгааны баг “Булшнуудын үүдэвчийг Богдхан уулын Цэцээ гүний оргил руу чиглүүлжээ. Энэ нь хүннүчүүдийн нас барагсдаа оршуулахдаа газар сонгох зан үйл нь өндөр түвшинд байсныг илтгэнэ. Магадгүй Туулын хөндийд нутаглаж байсан хүннүчүүд одоогийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төвлөрөн суурьшиж, Богдхан уулыг тахин шүтэж байсныг илэрхийлж ч болох юм. Цэцээ гүний оргил тод сайхан харагдах өндөрлөг Онь хөтлийг сонгон авч, язгууртнуудаа оршуулсан нь ч үүнийг батална. Үүгээрээ энэ дурсгалт газрын судалгаа ач холбогдолтой” гэж дүгнэжээ.
Төслийнхөн эхний ээлжид дурсгалт газрын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд тухайн уулын амыг бүхэлд нь хамруулахаар хэмжээтэй хашаа барьсан байна. Хашааны суурийг байгалийн чулуугаар өрж, дээр нь мод болон дөрвөлжин торон хаалт суурилуулжээ. Үүдний хэсэгт нь машины зогсоол гаргасан аж. Замын хашлагын суурийг цементээр цутгаж, дотор нь хайрга дүүргэн тэгшилсэн байв. Хашааг дагуулан зулзаган моднууд суулгасан нь үзэмжтэй харагдсан. Энэх үү дурсгалт газарт анх Монгол, Унгарын хамтарсан хээрийн шинжилгээний анги бүртгэл, малтлага, судалгаа явуулж, үүдэвч бүхий язгууртны булш зургаа, цагариг хэлбэрийн жижиг булш дөрвийг олж байжээ. Дөрвөлжлөн зассан томхон хэмжээний булшийг чулуугаар битүүлсэн байв. Харин томхон дугуй хэмжээтэйг нь ухаж, хөрсний цэвэрлэгээ хийсэн харагдсан. Тэнд одоогоор археологийн малтлага хийгээгүй, ажил зогссон бололтой.
Тохижилтын эхний ээлжийн ажлуудыг бараг дуусгажээ. Энэ газрын ойролцоо амьдардаг ахимаг насны эрэгтэй “Ноднин зун 6-7 хүн энд ирж, тохижилтын ажил хийсэн. Нэг дор найман хүнд үйлчлэх ариун цэврийн томоохон байгууламж барьсан юм билээ. Дотор нь хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суултуур ч бий. Дотогш ороход явган хүний зам хэд хэдийг барьсан харагдсан. Цаашид сайжруулсан зам тавих, цахилгаан татах, сүүдрэвч, амрах сандал зэргийг хийнэ гэж сонссон. Манай гэрээс хойших хэсгийг Газар зохион байгуулалтын албаныхан ирж тэмдэглээд, улсын мэдэлд авлаа гэсэн. Бас Археологийн хүрээлэнгийнхэн ирж, хөрс хуулсан. Харин энэ жил хөрөнгө мөнгө байхгүй гээд ямар нэгэн ажил хийсэнгүй” гэв. Ил музей байгуулах ажил цаашид хэрхэн үргэлжлэх, хэзээ дуусах талаар албаны зарим хүнээс тодрууллаа. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөрт өм өө “Гаднах тохижилтын ажлыг өвөл болтол үргэлжлүүлнэ. Ирэх жилийн гол ажил нь музейг байгуулах юм. Олдвор болон булшийг олон нийтэд үзүүлдэг болно гэсэн үг. Унгарын Элчин сайд Борбалла Анна монгол судлаач. Тэрбээр манай судлаачидтай нягт хамтарч ажиллаж байна. Язгууртны булшнаас гарсан хүний ясны ДНХ нь унгар хүнийхтэй таарсан нь тэдний анхаарлыг маш их татсан. Тэд өөрсдийгөө хүннүчүүд гэдэг. Түүх соёл талаасаа бид нэг удамтай гэж үздэг. Тухайн дурсгалт газар мөн маш өвөрмөц, үзэсгэлэнтэй байгальтай” гэв.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан С.Энхболд “Манай хүрээлэнгийн зүгээс ил музей болгох булшны өнгөн хөрсийг цэвэрлээд, эхний ээлжийн зураг авсан. Ирэх жил улсаас төсвийг нь баталбал археологийн малтлага, судалгааг үргэлжлүүлэх юм. Өмнө нь бид нэг булшийг малтаж судлаад, нөхөн сэргээгээд, буцаагаад булсан. Одоо язгууртны нэгдүгээр булшны судалгааны ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй. Ил музей байгуулахаар зорьж байгаа булш өмнөхөөсөө нэлээд том хэмжээтэй. Үүнийг малтаж, судалсны дараа булахгүйгээр хэвээр нь үлдээж, ил музей болгох юм. Архитекторууд ямар шийдэл гаргахыг хүлээж байгаа. Ер нь дурсгалын хадгалалт, хамгаалалтыг бүрэн шийдсэн, дэргэдээ судалгаа, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг хамруулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүс болгох эскиз зураг боловсруулах юм. Монголын түүхийн эртний олдворыг иргэддээ, тэр дундаа нийслэлчүүдэд газар дээр нь харуулах, амьдарч буй нутаг дэвсгэр, түүх соёлынхоо өвөөр бахархдаг болгохыг зорьсон. Бидний санаачилсан ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын болон Соёл урлагийн газраас дэмжиж хамтарч ажиллана гэсэн” хэмээв. Төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран өнгөрсөн жил хээрийн судалгааны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан билээ.
Судалгааны багийнхан Хүннүгийн язгууртны гуравдугаар булшны малтлагын ажлыг нийт 53 хоногийн хугацаанд хийжээ. Малтлагын түвшин өнгөн хөрснөөс 5.26 метрийн гүнд хүрэхэд дурсгалын оршуулгын хэсэг илэрсэн гэнэ. Оршуулгаас хүрэл морь, авсны хүрэл цэцгэн чимэг, сувс, сүйх тэрэгний хүрэл тоног, ваар савны хагархай зэрэг эд өлгийн зүйл илрүүлсэн аж. Оршуулгын хэсэг бүрэн тоногдсон байсан ч нүхний хэмжээ, түүнээс илэрсэн олдвор, авсны мод зэрэгт тулгуурлан давхар хашлага бүхий бунхант булш болохыг тодорхойлжээ. Энэ нь ил музейд хамрагдахгүй гэнэ. Ташрамд дурдахад, энэ газрыг анх 1961 онд манай талаас хээрийн шинжилгээний анги Унгарын судлаачидтай хамтран малтаж судалсан аж.