Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Б.Цэрэндорж нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Цэрэндорж, Н.Болормаа нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.