Азийн хөлбөмбөгийн “Аваргуудын лиг”-ийн хэсгийн хоёрдугаар тойргийн хүрээнд Саудын Арабын “Аль-Иттихад” болон Ираны “Сепахан” багууд тоглох ёстой байлаа. Гэвч Саудын Арабын баг талбайд гарахаас татгалзсаны улмаас тоглолт болоогүй аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Сепахан”-ы цэнгэлдэх хүрээлэнд, хоёр багийн сэлгээний суудлын дунд генерал Касем Сулейманигийн цээж баримал байсан нь “Аль-Иттихад”- ыг ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ . К.Сулеймани бол Саудын Арабын дайсанд тооцогддог хүн байв.
Тэрбээр Ойрхи Дорнод дахь Ираны цэргийн үйл ажиллагааг удирддаг байсан бөгөө д нутаг дэвсгэрт нь олон тооны террорист үйл ажиллагаа зохион байгуулсан хэмээн Саудын Арабынхан түүнийг буруутгадаг. 2020 оны эхээр АНУ-ын арми дрон ашиглан түүнийг хороосон бөгөөд Ерөнхийлөгч Д.Трамп К.Сулейманиг олон сая хүний амь насыг хохироосон гэж буруутгаж байлаа. Хэдий цэнгэлдэх хүрээлэнд 60 мянган үзэгч цугласан байсан ч “Аль-Иттихад” ийм шийдвэр гаргасан учир Азийн хөлбөмбөгийн холбоо ямар арга хэмжээ авах нь сонирхол татаж байна. Тус холбоо ойрын хугацаанд энэ асуудлыг хэлэлцэх аж.