Бүх аймаг, дүүрэг болон 10,000-аас дээш хүн амтай 13 суманд Залуучуудын хөгжлийн 43 төв ажиллаж, залуучуудын хөгжлийг дэмжих 7 төрлийн арга хэмжээ, үйлчилгээнд жилд дунджаар нийт залуучуудын 40 хувийг хамруулдаг. Төвүүдийн арга хэмжээ, үйлчилгээ нь нэгдсэн тодорхойлолт, стандарт хангалтгүй тул үйлчилгээний чанар, хүртээмж харилцан адилгүй, үйлчилгээний үр дүнг илэрхийлэх шалгуур үзүүлэлт тодорхойгүй тул төвийн арга хэмжээ, үйлчилгээний үр нөлөө, ашигт байдлыг тооцох боломж хомс байна.
Иймд төвүүдийн үйлчилгээний жишиг зардлыг тооцох, төсвийн хуваарилалтад тухайн үйлчилгээг хүртэгч орон нутгийн залуучуудын тоо, насны бүлэг, эрэлтэт үйлчилгээ зэрэг хүчин зүйлсийг харгалзах, төвүүдийн үйлчилгээний агуулга, арга, хэлбэр, төрлийг тодорхойлох, нэгдсэн шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтох, эдгээрийг тусгасан үйлчилгээний стандартыг бий болгох үүднээс “Өсвөр үе, залуучуудын хөгжлийн төв, үйлчилгээний нийтлэг шаардлага” MNS 7012:2023” стандартыг боловсруулан батлууллаа.
Стандартын мөрөөр аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвүүдэд үнэлгээ хийх, төвийн болон төвийн үйлчилгээний орчин нөхцөл, агуулга, төрөл, хэлбэрийг сайжруулах, хүний болон бусад нөөцийг чадавхжуулан бэхжүүлэх, стандартад нийцүүлэх ажлууд хийх юм.