БНСУ-ын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан уржигдар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Хүлээн авалтад УИХ-ын дарга болон зарим гишүүн, бусад улсын Элчин сайдууд оролцлоо.
Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын байгууллагуудын төлөөлөл, манай улсад амьдарч буй солонгос иргэд оролцжээ. Монголд ажиллах тус улсын Элчин сайд Ким Жон Гү энэ оны эхээр үүрэгт ажлаа хүлээн авсан. Тэрээр 68 настай бөгөөд Кёнвон их сургуулийг улс төрийн удирдлага мэргэжлээр төгссөн.
Өдгөө докторант аж. Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад итгэмжлэх жуух бичгээ гардуулсан. Элчин сайд Ким Жон Гү Үндэсний баярын нээлтийн үеэр эдийн засаг, худалдаа, эрүүл мэндийн чиглэлд хоёр улсын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн. Мөн метро барих ажилд дэмжлэг үзүүлэхээ онцолсон юм.