Ногоон автобус тойрсон дуулиан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар хоёр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгснөөр үргэлжлэн өрнөж байна. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, эдгээр албан тушаалд хэнийг санал болгохоо зарлах сурагтай.
Засаг дарга Д.Сумъяабазар амаргүй нөхцөлд асар том том ажлын ард гарснаа нэрлэж, дараагийн дарга нь тийм, ийм зүйлд анхаараарай гэж захичихаад, зайгаа тавьж өгөх нь. УИХ, Засгийн газарт ажилласан түүний зангараг, чадвар, туршлагыг ашиглана гэж парламентын гишүүнээс нь чөлөөл үүлэн байж Улаанбаатарыг удирдуулахаар томилсноос хойш яг гурван жил болох гэж байна. Одоо тэр автобус худалдан авсан ажлаас болж албан тушаалаасаа чөлөөлөгдөж буй.
Гэхдээ Д.Сумъяабазарт эрх баригч намын нийслэлийн хорооны даргын ажлаа дангаар хийх зав, удахгүй болох сонгуульд ухаанаа зарах боломж бүрдэв. Ер нь ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдэг нь манай улс төрчдийн хувьд уснаас хуурай гарахын сацуу “оноо” цуглуулах овжин арга болчихсон гэлтэй. Сайд Ж.Сүхбаатар гэхэд л нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэж төс өв, хөр өнгийг нь атгаж ажиллачихаад, асуудал үүсэнгүүт “Надад хийсэн гэм буруутай зүйл байхгүй ч ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө” хэмээн гэгээн, цайлганы дүр эсгэхээсээ ичих хэрэгтэй.
Албан тушаалын “дээл” давхарлаж, бүтэн нэг жил ажиллачихаад “Сайдын ажил миний бодсоноос хүнд байлаа” гэж хэнэг ч үгүй хэлэх Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн хэвээрээ хоцорно. Үнэндээ тэд “Албан тушаалтай зууралдахгүй” хэмээн хариуцлагаас бултчихлаа. Харин ард нь айсуй өвөл, авто замын тэг зогсолт, автобусандаа багтахгүй иргэд, алхахад ч хэцүү зам, талбай, утаа, угаарт хордох амь, аз жаргалтай биш, аюултай Улаанбаатар үлдлээ.