Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөрөө жүжигчин Ж.Баясгаланг томилсон билээ. Улс төрд харьцангуй шинэ хүн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо хүргэх төлөөлөл болохыг зорьж, АН-ын даргад энэ чиглэлээр зөвлөгөө өгч ажиллахаар төлөвлөжээ. Түүнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Та АН-ын даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдоод удаагүй байна. Ажлаа юунаас эхлэх гэж байна вэ?
-Нийгмийн чиглэлийн бодлого гаргахад нь зөвлөж, тусалж ажиллана гэж ойлгож байгаа. Аливаа ажлыг судалгаанд үндэслэж хийх ёстой. Энэ салбарт ямар бодлого шаардлагатайг судалж эхэлсэн, үүндээ суурилаад ажиллана. Л.Гантөмөр дарга ч судалгаан дээр суурилж, багаа томилсон. Би бол жүжигчин хүн. 2020 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхдээ би тодорхой тооны сонгогч, нийгмийн бүлгийг төлөөлж парламентад ажиллахад хууль, эрх зүйн мэдлэг хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авснаас илүү ардчиллын ирээдүйд санаа зовж байна
Тиймээс МУИС-ийн эрх зүйн ангид сурч байна, ирэх арванхоёрдугаар сард сургуулиа төгсөнө. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад 115,115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн статистик тоо бий. Манай улс 941 мянган өрхтэй, үүний 12.2 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэний асуудал тулгардаг. Би бол тэдний нэг төлөөлөл. Иймээс энэ бүхнийг харгалзан үзэж, зөвлөхөөрөө ажиллах саналыг надад тавьсан болов уу.
-АН сүүлийн хоёр сонгуульд дараалаад том ялагдал хүлээлээ. Сөрөгхүчний үргээ ч сайн гүйцэтгэж чадахгүй байна гэж шүүмжлүүлдэг. Одоо эвлэлдэж, ирэх сонгуулиар алдсан нэр хүндээ буцааж авахаар хичээж байна. Энэ намд ийм боломж бий юү?
-АН-ын гэхээс илүү ардчиллын ирээдүйд би санаа зовж байгаа. Ямар их үнээр ардчиллыг авчирсан билээ. Гэтэл дүр эсгэсэн ардчиллаас болж үүний гол мөн чанарыг ойлгохгүй бүтэн үе бий болчихлоо. Ардчилал яагаад байх ёстой, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, амьд явах эрх чөлөө ямар үнэтэй вэ гэдгийг ойлгохгүй шинэ үе өсөж байна. Удирдлагын зүгээс бодлогын алдаа гаргасан учраас АН сүүлийн хоёр сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Би 2020 онд АН-д гишүүнээр элссэн. Тухайн үед МАН-ыг сонгож болох байсан ч баруун төвийн үзэлтэй хүн учраас Үндсэн хуулиар бидэнд олгосон эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх, хамгаалахын төлөө тэмцэх гэж АН-д гишүүнээр элссэн юм. Энэ намын ирээдүйг гэрэл, гэгээтэй болгох нь гишүүн бүрийн, ардчиллыг аврах нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг, хариуцлага гэж би боддог.
-Сонгуулийн тухай хуульд “Нийгмийн төлөөллийг хангана.Намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшүүлбэл санхүүгийн урамшуулал төрөөс үзүүлнэ” зэрэг тодорхой заалт оруулсан. 2020 онд бол иймэрхүү дэмжлэг байгаагүй. Тэр үед танд ямар бэрхшээл тулгарч байв?
-Айхтар бэрхшээл тохиолдоогүй. Би өөрийн итгэл үнэмшлээр, Үндсэн хуулиар олгосон сонгогдох эрхээ эдэлж нэр дэвшсэн. 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, үгүйгээсээ үл хамаарч УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй.
-Үндсэн хуулиар сонгогдох эрхээ эдлэх нь нээлттэй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд нэр дэвших нь их ховор байдаг. 2004 оноос 2020 он хүр тэл 4-5 хүн л нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм билээ . Таныхаар үүний шалтгаан юу вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг гол асуудал нь хүртээмжтэй холбогддог юм. Нийгмийн сүлжээ хөгжиж эхэлснээр дуу хоолойгоо илэрхийлж, олон нийтэд танигдах боломж бүрдсэн. Өмнө нь нийгмийн харилцаанд орохын тулд гэрээсээ гарах хэрэгтэй байлаа. Гэтэл орц, зам нь тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан, тэдний шаардлагад нийцэхээр байдаг бил үү. Тухайн хүн сонгуульд өрсөлдөхийн тулд улс төрийн намынхантай очиж уулзана. Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч, ойлгож дэмждэг үү. Оюун ухааны академийнхан Монголд Оюуны олимп зохион байгуулахаар хөөцөлдөж үзсэн юм билээ. Дэлхийн оюун ухааны олимпын хорооны тэргүүн нь тэргэнцэртэй, тусгай хэрэгцээт хүн юм байна. Тиймээс олимп хийхээс өмнө ганц л асуулт тавьсан. “Танай улсад тэмцээн зохион байгуулахад би ганцаараа тэргэнцэртэйгээ нисэхээс эхлээд зочид буудалдаа очих, тэмцээн болох газар луу ямар ч саадгүй явах боломж бий юү” гэж асуусан байна. Манайхан “Бид унаа гаргаад, туслах хүн бэлдээд өгнө” гэсэн ч “Ганцаараа ямар нэг саадгүй зорчих боломжтой юу” гэж лавласан. Гэвч манай улсад тийм боломж байгаагүй учраас тэр удаагийн тэмцээнийг Монголд зохион байгуулаагүй юм билээ. Миний хувьд л гэхэд тэргэнцэртэйгээ саадгүй явах зам хэрэгтэй. Түүнээс би улсынхаа хөгжилд саад болоогүй. Өөрийгөө хөгжүүлэхэд ч элдэв бэрхшээл байхгүй. Сүүлийн үед хотын төв хэсгийн гудамжаар тэргэнцэртэйгээ явахад зам арай дээр болж байгаа. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэдэн хувь нь нийслэл хотынхоо төвд амьдардаг билээ дээ. Тэдэнд одоо ч хүртээмжийн бэрхшээл байсаар байгаа нь нууц биш. Мөн өөр нэг бэрхшээл бол сонгуулийн сурталчилгаа хийхэд тулгардаг санхүүгийн хүндрэл. Нийгмийн сүлжээ энэ асуудлыг тодорхой хэмжээнд хөнгөвчлөх боломж олгодог. Би 2020 онд нийгмийн сүлжээгээр дамжуулж, сонгуулийн сурталчилгаагаа хийсэн учраас зардал бага гарсан.
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлахаас өмнө Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийн үндэсний холбооноос нэр дэвшүүлэх таван хувийн квот олгооч гэсэн хүсэл т, шаардлага тавьсан юм билээ . Квот хэрэгтэй юү?
- Миний хувьд ийм квот тогтоохоосоо илүү сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байж, хүний эрх, эрх чөлөөг хамгаална гэж үздэг. Тав биш, 50 хувьд нь ч хүртэл сонгогдож болно шүү дээ. Гэхдээ эхлэлийг нь тавихын тулд таван хувиар босго тогтоох нь зөв гэж харж байна.
-АН-ын байранд тэргэн цэртэй иргэн орох налуу зам бий юү?
- Манай намаас зохион байгуулж буй бүсийн эдийн засгийн чуулганд оролцохдоо тэргүүн дэд дарга С.Баярцогттой энэ талаар нээлттэй ярилцсан. Зураг төслөө гаргуулаад, өнөө маргаашгүй намын байранд налуу зам хийх гэж байна. Зөвхөн тэргэнцэртэй иргэн биш, өндөр настай хүмүүс, чемодантай жуулчин ч гэсэн намын байранд орох боломжтой, үүднээсээ л нээлттэй байх ёстой.
-Та сонгогчийнхоо хувиар санал өгөхөд орчны бэрхшээл , хүртээмжийн асуудал тулгамддаг уу. Нэг үеэ бодвол санал өгөх байруудад орчин бүрдүүлэхэд анхаардаг болсон ч зарим нь бэлгэдлийн чанартай, дутмаг байх шиг санагддаг.
- Шийдэж байгаа, өөдрөгөөр харах хэрэгтэй. Гэхдээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар санал өгөхдөө би бусдын тусламж авсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хэсгийн хорооны санал авах байр Хөдөө аж ахуйн их сургуулийн хоёрдугаар давхарт байрлаж байсан учраас намайг дөрвөн хүн өргөж гаргаж, саналаа өгсөн. Туслах хүн байгаагүй бол саналаа өгөх боломж байхгүй гэсэн үг. Гэтэл бусдын тусламж авах нь бас саналд нөлөөлөх эрсдэлтэй. Ухуулж ярьсан нь тухайн хүний далд ухамсарт үлдчихэж болно. Тиймээс л орчин, хүртээмж чухал гээд байгаа юм. Би 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны зургадугаар сар хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулгын Тусгай хэрэгцээт иргэдийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан. Хууль тогтоодог байгууллага байрлаж байгаа Төрийн ордон нь тэргэнцэртэй иргэний машины зогсоолгүй, зорчих цахилгаан шатгүй байсан. Энд зөвхөн тэргэнцэртэй иргэний ч биш, хөгжлийн бэрхшээлтэй бүх хүний эрх зөрчигдөж байгаа юм. Зөвлөхөөр ажиллах хугацаандаа үүнд анхаарч, холбогдох албан тушаалтнуудад саналаа тавьсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг Төрийн ордондоо ядаж хангах ёстой гэж бодсон. УИХ-ын гишүүд өглөө бүр орж ирэхдээ тэргэнцэртэй иргэний замыг харж байг. Улмаар тэргэнцэртэй иргэн явах боломжтой цахилгаан шатыг суурилуулж, налуу замыг ч Төрийн ордонд хийлгэсэн. Гэвч налуу нь яг стандартын дагуу байгаагүй. Миний хувьд хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэгчлэн зөвлөхийн үүрэгт ажлаа өгсөн. Түүнээс хойш зургаан сарын дараа Төрийн ордонд нэг хуралд оролцохоор очтол өнөөх цахилгаан шат маань ажиллахгүй байсан. Жилийн дараа очиход ч мөн адил. Яагаад хөрөнгө зарж хийчихээд уг шатаа ажиллуулахгүй байгаа юм бэ гэж асуухад “Таныг явснаас хойш үүнийг ашиглах хүн байгаагүй шүү дээ” гэсэн хариулт өгсөн. Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр Ч.Ундрахбаяр гэдэг тэргэнцэртэй залуу ажиллаж байна. Өнгөрсөн сард Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн ирэхэд л тэр цахилгаан шат, налуу замыг бүрэн ашиглалаа. Төрийн ордон дотроо гадаадын зочдоос гадна хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын иргэд нь ч саадгүй явдаг байх ёстой биз дээ.
-МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ий нэр ийг оруулна гэдгээ зарлаж, бусад намд уриалсан. АН-д иймэрхүү баримталж буй бодлого байгаа юу?
- Намын даргаар сонгогдсоныхоо дараа Л.Гантөмөр мэндчилгээ дэвшүүлэхдээ энэ талаар хэлсэн шүү дээ. Сонгуулийн тогтолцоог холимог болгосны нэг гол зорилго нь нийгмийн төлөөллийг хангах явдал. Хүний эрх, эрх чөлөө ярьдаг нам учраас жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг оруулна гэдэгт итгэж байна. Гэхдээ зөвхөн УИХ-д биш, бүх шатны удирдах байгууллагад төлөөллөө оруулах учиртай юм.
-Та ирэх сонгуулиар намын жагсаалтад нэрээ бичүүлэх үү , эсвэл тойрогт өрсөлдөх үү?
- Намын бодлогын шийдвэрээс хамаарна. Ямар ч байсан хоёр намаас жагсаалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д сонгогдох байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх гэхээр л халамж ярьж байна гэж ойлгох хүн олон. Бид хүнээр өрөвдүүлэх дургүй. Хүртээмжийг хангаж, хөдөлмөрлөх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зохицуулалт оруулсан байдаг. Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрынхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна. Үүнийг биелүүлээгүй бол зохих орон тоо тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлөх ёстой. Уг заалтын дагуу 2021 онд гэхэд 9.8 тэрбум төгрөг хуримтлагдсан байдаг юм билээ. Гэхдээ энэ бол төлбөр төлөх ёстой байгууллагын 40 гаруй хувиас ирсэн төсөв. Бүгд төлбөрөө бүрэн төлбөл жилд 20 тэрбум төгрөг хуримтлуулна гэсэн тооцоо хийсэн байдаг. Ажиллах нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихвөл халамж аваад суухыг хүмүүс хүсэхгүй. Нөгөө талаар хөгжлийн бэрхшээл олон төрөл байдаг. Цус харвасан хүмүүсийн хувьд нөхөн сэргээх эмчилгээ маш чухал хэдий ч манай улсад шаардлагатай тоног төхөөрөмжийнх нь хүртээмж дутмаг. Ийм тоног төхөөрөмжийг бүх төрлийн хил, гаалийн албан татвараас чөлөөлж, нөхөн сэргээх үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах хэрэгтэй. Ингэж чадвал олон хүн эрүүлжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ангилал руу орохгүй байх боломжтой.
-2020 онд улс төрд орох шийдвэр гаргахад тань гэр бүл, эргэн тойрны хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-40 нас гараад улс төр ярьж эхлэхэд, намд элсэхэд найз нөхөд гайхаж хүлээж авсан. Харин эхнэр минь миний үзэл бодлыг хүндэтгэж, дэмждэг. Дэргэдэх хань минь дэмжсэн учраас улс төрийг зоригтой сонгосон. Ялж яваа бөхийг дагахын оронд үзэл бодлоороо АН-ыг сонгож, бодлого боловсруулахад нь хувь нэмрээ оруулахыг хүссэн. Ер нь бүх шатанд бодлогын өрсөлдөөн чухал. Сонгогчдын боловсролыг ч дээшлүүлэх хэрэгтэй, бид намуудын бодлогыг гүйцэд судлаад сонголтоо хийх учиртай юм. Намууд сонгуулийг мөрөөдөл худалдаж авах арга гэж ойлгодог болчихсон. Үнэхээр тийм бол дараа нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн, эсэхийг нь хянаж, хариуцлага тооцдог, дахин сонгодоггүй болох хэрэгтэй. Үр хүүхдийнхээ өмнө бид худал амьдарч болохгүй.
-Манай парламентад дуучин, бөх хүмүүс ийг цөнгүй сонгодог. Урлаг, спортын салбарынхныг улс төр сонирхохоор “Чаддаг юмаа л хийе” гэсэн хандлага давамгайлдаг. Танд ийм хандлага ажиглагддаг уу?
-Өө, тийм хандлага их. Ардчилсан хувьсгалаар намайг шүүмжлэх эрхийг нь тэр хүмүүст өгчихсөн, би ч энэ эрхээ эдлээд явж байна. Тийм болохоор шүүмжилж л байг. Харин доромжилж болохгүй. Би 1999 онд жүжигчин мэргэжлээр СУИС-ийг төгссөн. Гэхдээ 1992 оноос эхлээд бизнес хийсэн. Тэгэхээр жүжигчнээсээ илүү бизнесмен гэж хэлж болно. Гэхдээ бусдын эрхийн төлөө ажиллахад бизнесмен, жүжигчин байх хангалтгүй, эрх зүйн мэдлэг хэрэгтэй учраас сурч байна. Цаашид ч үргэлжлүүлээд магистр хамгаална, өөрийгөө хөгжүүлэхэд байнга анхаарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн биш, харин ч хөгжих боломжтой иргэн гэдгээ харуулна. Тэргэнцэртэй хүн ч гэсэн тэр шүүмжилж буй хүмүүсийн сураагүй сургуульд сурч, өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэж хардаг.
-Бодлого ярих гэж улс төрд орсон гэлээ. Тодорхой хугацааг энэ тогоонд өнгөрүүлж байна, үнэхээр бодлого ярьдаг юм уу. Улс төр бол их л бохир “тоглоом” гэдэг шүү дээ .
-Бохир гэдгийг нь бүгд мэддэг. Тийм байлгах, үгүй нь та, бидний л сонголт. Тэмцэх боломж үргэлж байдаг. Гэхдээ үүнийг нэг үеийнхэн хийхгүй, цаг хугацаа хэрэгтэй.
-АН бол фракцын улс төр хийдэг нам. Дотоод зөрч ил ихтэй, тэр нь ил байдаг. Та аль фракц, клубт харьяалагддаг вэ?
-Намын Үндэсний бодлогын хорооны хурал өнгөрсөн сард мэтгэлцээн ихтэй болж өнгөрсөн. Гэхдээ бидний хувьд тулгамдсан асуудлаа ил тод ярьж чаддаг нь хамгийн чухал юм. Бид бие биеэ хурцалж, бурууг нь хэлж явдаг. МАН-ын хурлын үеэр бараг 100 хувийн саналаар аливаа томилгоог хийдэг шүү дээ. Энэ бол дарангуйлал. СУИС-д оюутан байхад Баясгалан гэдэг сэтгэл судлалын багш маань дарангуйллын тухай жишээ ярьсан юм. Теннисний цагаан бөмбөг барьчихаад “Энэ бөмбөг хар өнгөтэй” гэж хэлээд нэг хүүхэд босгоод асуусан. Тэр хүүхэд бөмбөгийг цагаан гэж хэлмэгц муу дүн тавьсан. Дараагийн хүүхэд ч цагаан гэхэд муу, гурав дахь нь хар гэхэд онц тавьж байгаа юм. Үүний дараа бүх хүүхэд бөмбөгийг хар гэж хэлнэ. Дарангуйлал ингэж үүсдэг. Гэтэл цагааныг саарлаар харах хүн бас бий. Тэгж харах нам нь АН юм. Бид үзэл бодлоо дарга, цэрэг гэхгүй илэрхийлж чаддаг. Намайг энэ намд анх орсноос эхлээд хэний хүн бэ, хаалгаар биш, тооноор орж ирлээ гэсэн яриа гарч байсан. Би хэний ч хүн биш, ардчиллын туган дор нэгдсэн, Ардчилсан намын л нэг гишүүн. Фракцгүйгээр би энд оршиж болоод байна. Монгол Улсын иргэн л гэж байхаас аль нэг намын иргэн гэдэг ойлголт байхгүй. Тиймээс аль ч бүлэг, фракцад хамаарагддаггүй.
-2020 оны сонгуульд АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнч ин авсан. Энэ мөнгийг төлөх боломж хүн бүр т байхгүй. Ирэх сонгуульд уг дэнч ингээ АН хэдэн төгрөг болгох бол?
- Тэр талаар ямар нэг шийдвэр гараагүй байна. Би 2020 онд ямар ч дэнчин төлөөгүй. АН-ын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ дэнчингээс чөлөөлж, дэмжиж оролцсон юм. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд нэр дэвшихэд төрийн зүгээс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэж боддог. Миний хувьд зөвхөн тэргэнцэртэй иргэдэд тулгардаг бэрхшээлийг л илүү сайн мэднэ. Гэхдээ Монгол Улсынхаа хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэний төлөө дуугарч бол чадна. Ирэх сонгуулиар парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс сонгогдож, дуу хоолойгоо төрдөө хүргэн, эрхээ хамгаалахын төлөө бодитой ажил хийгээсэй гэж хүсэж байгаа. Халамжийг нэмэх биш, хүртээмж, стандарт бий болгох, хуулиа хэрэгжүүлэхийг бид шаардаж ажиллах хэрэгтэй байна.