Дэлхийн шилдэг 100, Японы топ тавын нэгт багтдаг Осакагийн их сургуулийн Хүн судлалын сургуульд үндсэн багш, туслах профессороор ажиллаж эхлээд буй Г.Сайнбаяртай ярилцлаа. Тэрбээр докторын зэргээ тус сургуульд 2020 онд боловсрол судлалын чиглэлээр хамгаалснаасаа хойш Японы хувийн их сургуулиудад багшилж байгаад энэ жилээс ийнхүү дэлхийн шилдгүүдийн нэгт дэвшин ажиллаж буй юм.
-Юуны түрүүнд дэлхийн шилдэг сургуульд багшлах болсонд баяр хүргэе. Энэ мөчид ямар мэдрэмж, сэтгэгдэл төрж байна вэ?
-Баярлалаа. Том үүрэг, хариуцлага үүрэх нь дээ гэж анх хүлээж авч байлаа. Нөгөөтээгүүр, мэдлэг чадвараа гүнзгийрүүлэх, өөрийгөө сорих боломж гэж харсан. Айдастай боловч баяртай байна.
-Нэр хүндтэй, томоохон сургууль учраас тэр хэрээр босго өндөртэй болов уу. Осакагийн их сургуульд үндсэн багшаар ажиллахын тулд ямар болзол, шалгуур хангах ёстой юм бол?
-Японд одоогоор 800 орчим их сургууль бий. Тэдгээрийг улсын буюу хуучнаар эзэн хааны, мужийн түвшний, хувийн их сургууль гэж гурав ангилдаг. Осакагийнх улсын, судалгааны их сургууль гэж явдаг. Анагаахын чиглэлийн сургалтаараа дэлхийд дээгүүр ордог, нэр хүндтэй. Япончууд улсын их сургуульд ажиллахыг ихэд хүсэж мөрөөддөг юм билээ. Тэр хэрээр улсын сургуулиудынх нь шалгуур өндөр. Гадаад багш ажилд авахдаа Японы их сургуульд ажилласан туршлагыг нь хамгийн эхэнд хардаг. Мөн судалгаа шинжилгээний бүтээлээ олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн, япон хэлний тодорхой мэдлэгтэй байхыг шаарддаг. Эдгээр шалгуурыг давсны дараа ярилцлагад оруулдаг. Зарим сургууль хоёр удаа ярилцлага авч, хичээл заалгуулж үздэг. Миний хувьд ярилцлагад орсон ч хичээл заагаагүй.
-Тус сургуульд багшилдаг өөр монгол хүн бий юү. Ялангуяа таны ажиллаж буй салбар, чиглэлд багшлах эрх авсан хүн манай улсаас байдаг уу?
-Осакагийн их сургуулийн Глобал инишитив төвд Э.Ариунаа хэмээх монгол хүн ажилладаг. Энэ төв нь хамтын ажиллагаа, оюутан солилцоо, гадаад харилцаа, стратегийн асуудал хариуцдаг юм. Тэрбээр манай факультетэд японы боловсролын талаар хичээл заадаг. Осакагийн их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны эрдмийн сургуулийн Хэл, соёлын салбарт МУИС-иас монгол хэлний багш нар ээлжлэн ирж ажилладаг гэсэн. Олон салбар сургууль, төвтэй учраас Монголоос өөр олон хүн багшилдаг байхыг ч үгүйсгэхгүй.
-Яг ямар чиглэлийн хичээл зааж буй талаараа дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Би Хүн судлалын сургуульд ажилладаг. Манай факультет япон хэлээр олон салбар ухааны хөтөлбөр хэрэгжүүлдгээс гадна хичээлээ 100 хувь англиар заадаг бакалавр, магистр, докторын түвшний сургалттай. Англи хэлний хөтөлбөрүүдэд ихэнхдээ гадаадын оюутнууд хамрагддаг. Бакалаврын түвшинд сурч буй оюутнуудад олон талт байдал ба оролцоо, жендер ба боловсрол зэрэг хичээл заадаг. Тэнхимийнхээ магистр, докторын оюутнуудад судалгааны семинарын хичээлийг өөр багштай хамтран орж байна. Мөн магистрын оюутнуудад зориулсан ЮНЕСКО-гийн глобал эрүүл мэнд, боловсрол гэсэн хичээлийг бусад салбар сургуулийн багш нартай хамтарч Осакагийн их сургуулийн хэмжээнд зааж байгаа. Эдгээр хичээлээ англи хэлээр заадаг.
-Таны докторын зэрэг хамгаалсан сэдэв анхаарал татлаа. Боловсрол судлалын чиглэлийг сонгосон нь ямар учиртай вэ?
-Анх бакалаврын зэргээ англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр авч байлаа. Магистраа хэрэглээний хэл шинжлэлээр, докторын зэргээ одоогийн ажиллаж буй сургуульдаа боловсрол судлалын чиглэлээр хамгаалсан. Англи хэлний багш, орчуулагчаар олон жил ажиллахдаа дээд болон олон улсын боловсрол (харьцуулсан)- ын асуудлуудыг ихэд сонирхдог, цаашид үүгээр мэргэшиж, судалгаа хийхийг хүсдэг байлаа. Гэвч үүн рүү хэрхэн “орох” аргаа олохгүй, мэдэхгүй хэсэг хугацаанд явсан. Боловсрол судлал, тэр дундаа дээд боловсролын чиглэлд судалгааны орон зай их байгааг мэдэрсэн л дээ. Мөн контент хичээлийг англиар заавал монгол оюутнуудад илүү өгөөжтэйг ч олж харсан. Тиймээс докторын судалгаагаа олон улсын харьцуулсан дээд боловсрол гэсэн сэдвийн хүрээнд хийсэн юм. Докторын хөтөлбөрт тэнцсэнийхээ дараа удирдагч багш нартаа судалгааны сэдэв, төлөвлөгөөгөө танилцуулахад их дэмжсэн. Энэ судалгаагаа тууштай хийсээр дуусгасан. Би Зүүн Азийн англи хэлтэн бус орнууд болох Япон, Өмнөд Солонгос, Монголд англи хэлээр зэргийн (эрдмийн) хөтөлбөр яагаад хэрэгжүүлэх болов, үүнд юу нөлөөлөв гэдгийг хувийн сургуулиудын жишээн дээр харьцуулан судалсан. Оксфордын их сургуулийн нэгэн профессор манай сургуулийн магистр, докторын түвшний оюутнуудад лекц орж, судалгааны ажлын талаар зөвлөгөө өгөхдөө миний сонгосон сэдвийг сонсоод, “Амжихгүй байж магадгүй тул нэг улсыг нь хасвал зүгээр” гэсэн санал хэлж байлаа. Гэсэн ч би зорилгодоо хүрч, ард нь гарсан. Судалгааныхаа хүрээнд Япон, Солонгост очиж, хөтөлбөр хэрэгжүүлэгч багш нар болон дарга, мэргэжилтнүүд, сургуулийн удирдлагуудтай уулзаж, чанарын үнэлгээ хийсэн.
-Таны судалгааны ажлын гол үр дүн юу байв?
-Яг энэ чиглэлээр хийсэн судалгаа тухайн үед маш бага байсан. Ялангуяа англи хэлтэн бус орнуудын хувийн их сургуулиудыг харьцуулсан судалгаа байгаагүй. Тиймээс миний хийсэн ажил салбар, чиглэлдээ шинэлэг байж дэлхийн мэдлэгт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан болов уу гэж боддог. Япон, Өмнөд Солонгос улсад хүн амын хөгшрөлт (нийт хүн амын дунд хижээл ба хөгшин насны хүмүүсийн хувийн жин нэмэгдэх) хурдацтай эрчимжиж буй. Төрөлт багассан. Үүнийг дагаад их сургуульд элсэгчдийн тоо жилээс жилд цөөрч байгаа. Их сургуулиуд хаалгаа барихгүйн тулд элсэгчдийн тоогоо хадгалах, нэмэгдүүлэх олон төрлийн арга хэмжээ авахаас өөр сонголтгүй сорилттой тулгарсан. Сургуулиуд нь дотооддоо болон олон улсад зэрэглэлээ ахиулж байж л хангалттай элсэгчтэй болно. Гадаадын оюутны тоо үүнд жинтэй хувь нэмэр оруулдаг. Тус хоёр улсын Засгийн газар өндөр өртөгтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж, их сургуулиудынхаа өрсөлдөх чадварыг сайжруулах бодлого баримталж байна. Их сургуулиудаа англи хэлээр сургалт явуулдаг зэргийн хөтөлбөр нээхийг дэмжиж, дутагдаад буй элсэгчдийн орон зайгаа гадаад оюутнаар нөхөхөд нь туслах боллоо. Засгийн газраас зарласан тэтгэлэг, санхүүжилтийн хөтөлбөрт ихэнхдээ улсын их сургуулиуд нь хамрагддаг. Харин хувийн сургуулиудад ийм боломж хомс. Тиймээс ихэнх нь өөрсдийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Тэгвэл олон улсад ямар чиг хандлагатай байна вэ. Их сургуулиуд нь ямар бодлого хэрэгжүүлдэг юм бэ. Би үүнийг л хувийн сургуулиудын кэйсэд түшиглэн судалсан юм. Үүний үр дүнд эл хоёр улсын хувийн их сургуулиуд англи хэлээр зэргийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад хоёр хүчин зүйл нөлөөлдгийг тогтоосон.Эхнийх нь дэлхийн их сургуулиудын зэрэглэл, удаах нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад оюутнуудыг татах зорилготой хөтөлбөр. Гадаад оюутнуудыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд нь их сургуулиудын англи хэлээр заадаг хичээлийн тоог олшруулахад чиглэдэг. Тэгвэл англиар контент хичээл заадаг багш нарт болон хэрэгжүүлж буй хөтөлбөрт, сургуулийн хэмжээнд нь ямар асуудал, бэрхшээл тулгардгийг илрүүлж, эдгээрийн ангиллын судалгааг тодорхой болгож, баяжуулсан нь миний эрдэм шинжилгээний ажлын бас нэг онцлог. Энэ ангиллыг бусад судалгаанд ашиглах боломжтой. Монголын нөхцөлийг судлахад Япон, БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй шиг дэмжлэгийн хөтөлбөр алга. Манай улсад хүн амын өсөлт, их сургуульд элсэгчдийн тоо харьцангуй тогтвортой. Хувийн их сургуулиуд нь өөрсдийн чадамж, нөөц боломжоороо л урагшилж байна. Гэхдээ тэдгээр нь олон улсад зэрэглэлээ ахиулах, гадаад оюутнуудыг олшруулж, дотоодын суралцагчдаа чадавхжуулах эрмэлзэлтэй. Мэдээж үүнийг хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгардаг. Хамгийн том саад нь санхүүгийн нөөц бололцоо. Энэ нь хөтөлбөрийн чанарт, цаашлаад багш, оюутнуудыг дэмжиж, хөгжүүлэхэд хүртэл нөлөөлдөг.
-Та англи хэлний багш, орчуулагч мэргэжил эзэмшсэн юм билээ. Мөн АНУ-ын Засгийн газраас олгодог Фулбрайтын тэтгэлгээр Индианагийн их сургуульд сурч, ажиллаж, Орегоныход мэргэжил дээшлүүлж байжээ. Одоо арлын оронд багшилж байна. Энэ боломжуудын үүд хаалгыг нээхэд гадаад хэлний мэдлэг, ур чадвар нөлөөлсөн үү?
-Англи хэлний мэдлэг, ур чадвар маш том түлхэц болсон. Гадаад хэл сайн эзэмшсэнээс гадна тухайн салбарын мэдлэг, туршлагатай хүнд дэлхийн хэмжээнд олон боломж нээлттэй. Монголчууд дэлхийн хаана ч мэргэжлээрээ ажиллаж, амжилтад хүрч байгаа нь үүний баталгаа. Тэдний адил англи хэлийг шамдан сурч, амьдралдаа хэрэглэж чадсанаар надад олон боломж нээгдсэн. Хэд хэдэн удаа Америкт мэргэжил дээшлүүлж сурлаа. Ажиллаж ч үзлээ. Тэнд сурч, ажиллах хугацаандаа олон хүнтэй харилцаж, нөхөрлөснөөрөө хичээлээр олж авч чадаагүй бусад чадвараа хөгжүүлсэн.
-Япон явахаасаа өмнө МУИС-д багшилж байсан гэсэн үү?
-МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимд багшилж байлаа. Мэргэжлийн ангийнханд англи хэл заахаас гадна бусад тэнхимийн магистр, докторын түвшний оюутнуудад боловсролын судалгааны арга зүй, мэргэжлийн орчуулгын хичээл зааж байсан юм.
-Боловсролын салбарт цөөнгүй жил ажиллаж буй, мөн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байсан хүний хувьд Монгол Улсын боловсролын тогтолцоог хэрхэн дүгнэх вэ?
-Дээд боловсролын байгууллагад ажиллаж, энэ чиглэлээр судалгаа хийдэг тул тэр талаас нь яривал тохиромжтой болов уу. Манай улсын дээд боловсролын тогтолцоонд шинэчлэлийн салхи хэрэгтэй байна. Одоо бол энерцээрээ, урсгалаараа л явж буй. Сайжруулах арга хэмжээ авч байгаа ч хэтэрхий удаан юм. Засгийн газраас их сургуулиудад үзүүлдэг санхүүгийн дэмжлэг алга. Хэдэн сургуульд нь сургалтын төлбөрөөр амь зогоодог хэвээр. Санхүүгийн дэмжлэггүй учраас судалгааны чанар сайжруулах, мэргэжил дээшлүүлэх, лаборатори, тоног төхөөрөмжөөр хангах, гадаад солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон асуудал аргагүйн эрхэнд орхигдож байгаа юм. Жишээ нь, Засгийн газар хэдэн жилийн өмнө “Улсын дөрвөн их сургуулийг 2022 он гэхэд Азийн топ сургууль болгоно” гэж зорилт тавьж байлаа. Тэгсэн атлаа их сургуулиудыг дэмжих чиглэлээр юу ч хийгээгүй. Тэр ч байтугай энэ амлалтаа зарим баримт бичгээс хасчихсан. Чухам ямар арга хэмжээ авсан, юу болсон талаар тайлан, мэдээлэл ч байдаггүй. Дээд боловсролын салбарт тулгамдсан өөр нэг асуудал нь их, дээд сургуулийн тоо, сургалтын чанар. Манай улс хэтэрхий олон их, дээд сургуультай. Тэгсэн мөртлөө сургалтын чанар нь эргэлзээтэй. Аливаа хүн их, дээд сургуульд элсэн суралцах сонголт хийхээсээ өмнө тодорхой түвшинд судалж, авсан мэдээлэлдээ үндэслэн шийдвэр гаргадаг. Гэтэл манай ихэнх сургуулийн веб сайт нь ажилладаггүй, хуучин мэдээлэлтэй. Зарим нь бүр веб сайт ч үгүй. Ийм байхад хаанаас, яаж мэдээлэл олох вэ. Техник, технологи өндөр хөгжсөн энэ цаг үед хүмүүс мэдээллийг цахим системийн тусламжтайгаар түргэн шуурхай авахыг эрмэлздэг болсон. Монголын их, дээд сургуулиуд энэ шалгуурыг хангадаггүй. Мөн хоёр зүйлийг онцлон хэлмээр байна. БШУЯ-наас Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжуулан олгодог судалгааны грантыг Японы Засгийн газрын Шинжлэх ухааны судалгааны грант (JSPS) -ын зарчмаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр их, дээд сургуулийн багш нарын судалгааны ажлыг дэмжих маш том хөшүүрэг болно. Манай улсын багш нар маш чадварлаг. Даанч тэдэнд судалгааны төсөв байдаггүй нь хөгжиж дэвшихэд саад болдог. Удаах асуудал нь оюуны хулгай. Энэ нь бакалавр, магистр, докторын ажлаас гадна судалгааны өгүүлэлд хүртэл хамаатай. Үүнийг таслан зогсоохын тулд Монгол Улсын хэмжээнд гарч буй эрдэм шинжилгээний бүх сэтгүүлийг цахим болгох шаардлагатай. Мөн эшлэл хийх дотоодын нэгдсэн системийг бий болгох ажлыг яам цаг алдалгүй хийх хэрэгтэй. Ингэж байж дээд боловсролын салбарт ужгирсан хулгайн асуудлыг шийднэ.
-Бид Японы боловсролын тогтолцоог үлгэр жишээ болгож ярьдаг. Та энэ оронд багшлах хугацаандаа боловсролын салбартай нь холбоотой шинэлэг, онцлог гэмээр ямар зүйлсийг анзаарч, олж харав?
-Дээд боловсролын тогтолцоонд нь манайхаас онцлог, ялгаатай хэд хэдэн зүйл байдаг. Боловсролын яам нь хамгийн их эрх мэдэлтэй газар тул тэндээс гаргасан бодлого, журмыг их сургуулиуд нь яс дагаж мөрддөг. Засгийн газар нь их сургуулиуддаа өндөр шаардлага тавьдгаас гадна олон улсад өрсөлдөх чадамжийг нь дээшлүүлэхэд маш их дэмжлэг үзүүлдэг. Их сургуулиуд нь санхүүгийн дэмжлэг авахын тулд мэдээж хоорондоо өрсөлдөнө. Засгийн газраас хэрэгжүүлдэг томоохон төслүүд нь гадаадаас 300 мянган оюутан татах, их сургуулиудыг англиар хичээл заадаг болгох, 30 сургуулийг олон улсын статустай болгох гэсэн том амбицтай. Нэг төслийг нь Осакагийн их сургууль өрсөлдөж авсан. Японы Засгийн газар 68 их наяд ам.доллартой тэнцэх хэмжээний төсөвтэй төслийн уралдаан зарлахад Тохокугийн их сургууль шалгарсан. 25 жилийн хугацаанд ийм хэмжээний төсвөөр төсөл хэрэгжүүлнэ гээд бод доо. Энэ бол асар их хэмжээний мөнгө. Тэр хэрээр тус сургуулийн чадамж дээшилнэ. Шинэчлэн өөрчлөх боломж ч нээгдэнэ. Тохокугийн их сургууль төсөлдөө хэд хэдэн сонирхолтой төлөвлөгөө тусгасан байдаг. Англи хэлийг сургалт, үйл ажиллагааны нэг төрлийн хэл болгох, энэ хэлэнд суурилсан хөтөлбөрийн тоог нэмэх, туслах болон дэд профессоруудад лаборатори хариуцуулах гэх мэт шинэ санаачилгыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна лээ. Энэ бүгдээс Японы Засгийн газар дээд боловсролоо, их сургуулиудаа санхүү, тэтгэлэг, төслөөр асар их дэмждэг нь харагдана. Үүнээс гадна томоохон корпорац, компаниуд нь их сургуулийн лабораториуд болон профессоруудтай хамтарч ажилладаг, старт-ап компани байгуулдаг жишиг түгээмэл. Бас л нэг төрлийн дэмжлэг шүү дээ. Ингэснээр чанартай судалгаа олныг хийж, дэлхийд өрсөлдөхүйц патент, шинэ инновацын бүтээгдэхүүнүүдийг төрүүлдэг.
-Манай улсад багшийн үнэлэмж муу. Яг одоо гэхэд л багш нар цалин, хангамжаа нэмэгдүүлэхээр жагсаж, дуу хоолойгоо илэрхийлж байна. Японд сурган хүмүүжүүлэгчдийг хэрхэн үнэлдэг юм бол?
-Японд бага, дунд ангийн багш нар маш их ачаалалтай ажилладаг. Өглөөнөөс шөнө дүл хүртэл, заримдаа амралтын өдрөөр ч ажилладаг юм билээ. Энд багш нарын цалинг жилээр нь тооцож, сар бүр олгодог. Жишээ нь, бага, дунд ангийн багш ажлын туршлагаас шалтгаалан жилд 5-9 сая иен буюу 120-200 сая төгрөгийн цалин авдаг. Үүнд илүү цагийн хөлс, бонус цалин, бусад урамшуулал багтдаг. Их сургуулийн багш нар цол, зэрэг, албан тушаал, нас, туршлага зэргээсээ хамаараад харилцан адилгүй цалин авдаг. Олон жилийн туршлагатай, бүтэн цагаар хичээл заадаг профессорууд жилд 12 сая иений цалин авдаг байх жишээний. Японд амьдрах өртөг зардал их тул цалин нь тийм ч өндөр бус санагддаг. Ялангуяа уламжлалт амьдралын хэв маягаар буюу нөхөр нь ажиллаад, эхнэр нь гэртээ хүүхдээ асардаг нийгэмд бол нэг хүний орлого гэр бүлээ тэжээхэд нь төдийлөн хангалтгүй. Сонирхолтой нь, Японд сүүлийн 30 жилд цалингийн хэмжээг ер нэмээгүй юм билээ. Одоо л нэмэх талаар хүчтэй ярьж байна.
-Та Монголдоо ажиллах уу?
-Тэгэлгүй яах вэ. Энд олж авсан мэдлэг, түүнийгээ ашиглан хуримтлуулсан туршлагаа хойч үеэ бэлдэхэд зориулж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог