УИХ-аас 2023 оны тавдугаар сард батлан гаргасан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хуулийг та бүхэнд танилцуулж байна. Хуулийн зорилт нь төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Энэхүү хуулиар төрийн албан хаагч үйл ажиллагаандаа баримтлах зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоож өгсний зэрэгцээ Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг хуульчилж өгсөн. Мөн хуулиар ёс зүйн асуудал эрхлэх эрх бүхий этгээд түүний эрх, үүрэг, ёс зүйн асуудлаар гомдол мэдээлэл гаргах, түүнийг хэрхэн хянан шийдвэрлэх асуудлыг зохицуулж өгсөн байна.
Хуулийн үйлчлэлд улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагчид хамаарна. “Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ" гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг; "төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг; "төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага" гэж ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг хэлнэ. Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан зарчмаас гадна хүнлэг, энэрэнгүй байх; үнэнч, шударга байх; хариуцлагатай байх; манлайлах; хамтач байх гэсэн зарчмыг баримтална.
Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөхөөр хуульчилж өгсөн байна. Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан үүргээс гадна бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрах, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх; албаны нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх зэрэг нийтлэг үүргийг хүлээхээр заажээ.
Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтаас гадна албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах; албаны чиг үүрэгтэйгээ холбоогүй хууль зөрчсөн амлалт өгөх зэрэг үйл ажиллагааг хориглохоор заасан байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо, төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ. Ёс зүйн хороо нь Төрийн албаны төв байгууллагын дэргэд ажиллана. Төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байна, гишүүд дотроосоо даргаа сонгоно. Нийт албан хаагчдын олонхын дэмжлэг авсан хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр таван жилийн хугацаагаар сонгоно. Ёс зүйн дэд хороо нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах; дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх; байгууллага, нэгж дотроо гарч байгаа болон үүсэж болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан, нөхцөл, эрсдэлийг тооцох, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах зэрэг эрх үүргийг хэрэгжүүлнэ.
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар гомдол, мэдээллийг Ёс зүйн хороонд, эсхүл Ёс зүйн дэд хороонд гаргана. Гомдол, мэдээлэлд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, өөрт байгаа бол нотлох баримтыг хавсаргасан байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна. Гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох; өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах; байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах; Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах гэсэн ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна. Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй.Төрийн албан хаагч нь хамт олноос, гомдол, мэдээлэл гаргагчаас, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйх эсвэл ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээрээ албан тушаалаас чөлөөлөгдөх гэсэн хэлбэрээр ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээж болно.