БШУЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Шинжлэх ухаан, технологи, инновацыг нутагшуулъя” аяны хүрээнд Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Завхан аймагт ажиллаж байна.
Орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагуудын бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилгоор Шинжлэх ухааны Академи Завхан аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтран ажиллах гэрээнд Шинжлэх ухааны Академийн Эрдэмтэн нарийн бичиг дарга, Академич Б.Авид, Завхан аймгийн Засаг дарга, доктор (Ph.D) Г.Өнөрбаяр нар гарын үсэг үзэглэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, ховор амьтан, ургамал, ашигт малтмалын тархац нөөц, цөлжилт, бэлчээрийн талхагдал, орон нутгийн уст цэгийн ашиглалт, хамгаалалт, түүх археологийн дурсгалууд, аймгийн мал аж ахуй, газар тариалан, хүн амын хөгжил, эрүүл мэндийн болон тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.