Эрхзүйч Э.Санчир-Уяатай ярилцлаа. Тэрбээр Япон Улсын Нагоягийн их сургуульд Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахдаа УИХ-ын сонгууль дахь сонгогчдын саналын үнэ цэний тэгш байдлыг Япон Улсынхтай харьцуулсан судалгаа хийсэн юм.
-Таны судалгаа сонирхолтой санагдаж байна. Сонгогчдын саналын үнэ цэн , түүний тэгш байдал гэж юуг хэлж байна вэ?
-Саналын үнэ цэн гэдгийг “саналын жин” гэж бас ярьж, бичдэг. Агуулгын хувьд ямар ч ялгаагүй. Миний хувьд “саналын үнэ цэн” гэсэн нь илүү оновчтой гэж үзсэн. Харин тэгш байдал гэдэг нь сонгогч нэг бүрийн санал ижил үнэ цэнтэй буюу ижил жинтэй байна гэсэн үг.
Агуулга талаас нь харвал, тухайн санал бүрийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх чадвар адил байхыг хэлнэ
СОНГОГЧ ХААНА ОРШИН СУУЖ БАЙГААГААС ҮЛ ХАМААРАН ТЭДНИЙ САНАЛ ИЖИЛ ҮНЭ ЦЭНТЭЙ БАЙХ ЁСТОЙ
-Энэ тухай судлаачид, иргэний нийгмийн байгууллагынхан, хэвлэл мэдээллийнхэн хөндсөөр ирсэн. Тан шиг нарийн тооцоолоогүй ч агуулгын хувьд орон нутгийн, тухайлбал, Хэнтий аймаг сонгогчийн тоо бага атал УИХ-ын мандат нь нийслэл ийн Баянзүрх, Сонгинохайрхан гэх мэт томоохон дүрэгт ногдож буйтай ижил байгааг шударга бус гэж шүүмжлэх жишээтэй. Яагаад саналын жин тэнцүү байх ёстой юм бэ?
-Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж бий. Энэ бол ардчиллын амин сүнс болсон заалт. Хэн нэгэн хаан, язгууртан, ноёд, эсвэл мөнгөтэй хүмүүс бус, иргэд бүх нийтээрээ улс орныхоо хувь заяаг шийдвэрлэнэ гэсэн үг.
- Бид энэ эрх мэдлээ төлөөллөөрөө буюу УИХ (парламент)-аар дамжуулан хэрэгжүүлдэг. Төлөөлнө гэдэг нь таны дуу хоолой, хүсэл зоригийг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн нэр шүү дээ. Төлөөллөө бид сонгуулиар сонгодог. Гэхдээ бүх нийтийн, тэгш, шууд, саналаа нууцаар өгөх, чөлөөт гэсэн үндсэн таван зарчмыг хэрэгжүүлж байж сая ардчилсан сонгууль болсонд тооцдог.
Хүн бүрийн өгч буй санал тэгш байж, энэ эрхийг ижил эдлэх ёстой. Үүнийг Үндсэн хуульд байгаа тэгш эрхийн зарчим (14 дүгээр зүйл), сонгох эрхийн (16 дугаар зүйлийн ес) хүрээнд хамгаалах ёстой юм. Сонгогчдын хүсэл зориг, эрх ашгийг парламентад үнэн зөв, тэгш тусгаж, шударгаар төлөөлүүлэх учиртай.
Гэтэл УИХ-ын 2020 оны сонгуулиар саналын жингийн зөрүү хамгийн ихдээ 3.32 дахин их байв. Тухайлбал, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн 16544, Баянзүрх дүүргийн 22 дугаар тойргийн 54910 сонгогч тус тус нэг гишүүн сонгосон байгаа юм. Үүний зөрүү нь 3.32 болсон хэрэг. Өөрөөр хэлбэл, хамгийн цөөн сонгогчтой Хэнтий аймгийн нэг сонгогчийн санал Баянзүрх дүүргийн гурван сонгогчийнхтой ижил жин дарж байна гэсэн үг. Хамгийн олон сонгогчтой тойргийнхны нэг саналын эрх нь 0.3 болж, үнэ цэн нь унасан байгаа юм.
А бүсэд амьдарч буй нэг хүний санал Б бүсэд байгаа гурван хүнийхтэй дүйнэ гэхээр тэгш байх эрх нь зөрчигдөх бус уу. Тиймээс л нэг хэсэг нь УИХ-д илүү, нөгөө нь дутуу төлөөлүүлэх асуудал үүсэж байгаа юм. Нэг хэсгийнх нь дуу хоолой чанга, нөгөөдүүлийнх нь сул болчихоод байна шүү дээ. Жишээ нь, 2023 оны улсын төсвийг батлах үеэр Хэнтийн төсөв есөн аймгийнхтай тэнцэж, түүхэндээ байгаагүй өндөр дүнтэй байна гэж нэлээд шүүмжлүүлсэн. Үүний шалтгаан нь Хэнтий аймгийн иргэд УИХ-д илүү төлөөлүүлж байгаатай холбоотой. Нөгөө талд нь Улаанбаатар, тэр дундаа Баянзүрх дүүргийн сонгогчид дутуу төлөөлөлтэй байна гэсэн үг. Аль нэг аймаг, орон нутгаар нь талцуулах гэж ийм зүйл яриагүй юм шүү. Сонгогч хаана оршин сууж байгаагаас үл хамааран тэдний санал ижил, тэнцүү үнэ цэнтэй байх ёстой.
-Үнэндээ сонгууль бүр ийн өмнө хуулийг нь , мандат хуваарилалттай нь өөрчилж, үе үеийн эрх баригчид өөрт ашигтайгаар шийдвэр гаргаж ирсэн . Тиймээс ч сүүлийн хэд хэдэн сонгуулийн өмнө олон нийтийн зүгээс үүнийг эсэргүүцэж, нэр бүхий хуульч ид Үндсэн хуулийн цэцэд хандсан юу ч өөрчлөгдөөгүй. Тун удахгүй ээлжит сонгууль болох гэж байна. Ингэхдээ өмнөхөөс олон гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Ийм үед сонгогчдын саналын үнэ цэний тэгш байдлыг хадгалахын тулд юунд анхаарах ёстой вэ?
-Сонгуулийг олонхын тогтолцоогоор явуулах буюу тойрогт хуваарилж буй тохиолдолд саналын үнэ цэний зөрүү үүсдэг. Тойрог доторх сонгогчдын саналын үнэ цэн адил байдаг ч өөр тойрогтой харьцуулсан тохиолдолд ялгаа гардаг гэсэн үг. Тиймээс тойрог хуваарилах явцад хүн амын, сонгогчдын тоог чухалчилж, саналын зөрүүг байж болох хамгийн бага түвшинд байлгахад анхаараасай. Харин хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгууль явуулах үед саналын үнэ цэний зөрүү үүсдэггүй.
Сонирхолтой зүйл хэлэхэд, 1992 оны анхны ардчилсан сонгуулиар нэг гишүүнийг сонгосон хамгийн их саналын жингийн зөрүү 0.6 хувь байсан. Бараг зөрүүгүй шахам гэсэн үг. Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог хамгийн цөөн буюу 11 013 сонгогчтой байв. Тус тойргоос УИХ-ын нэг гишүүнийг сонгосон. Харин 22 дугаар тойрог болох Найрамдал, Налайх, Багахангай дүүрэг хамгийн олон буюу 16,666 сонгогчтой. Тэд мөн нэг л гишүүн сонгож байсан. Тухайн үед хүн амын тоонд үндэслэж, нэг тойрогт ногдох дундаж тоог гарган, дээш, доош орон дэвшүүлэх байдлаар бүхэл болгосон байдаг. УБХ ч сонгогчийн санал ижил үнэ цэнтэй байхад онцгой анхаарсан нь ажиглагддаг. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн 1993 оны дүгнэлтэд тэмдэглэсэн нь ч бий. Харин үүнээс хойш тойрог хуваарилахад хүн амын шилжилт хөдөлгөөн, тэр дундаа хот руу чиглэсэн урсгалыг хайхралгүй орхисон, эрх баригч намынхан нь өөрсдөдөө давуу байдал бий болгохыг зорьсоор байгаад эл зөрүү 2000 оноос хойш бараг гурав дахин их болчихлоо.
-Таны судалгаанд дурдсанчлан манайх шиг том газар нутагтай, хүн амын тал нь нийслэлдээ бөөгнөрөн амьдардаг улсад мандат хуваарилахдаа газар нутгийг харгалзан үзэх шаардлагатай гэсэн үзэл баримтлал нь шийдвэр гаргагчдын хувьд жин дарж ирлээ. Хүн амаас илүү газар нутгийн хэмжээ, байршлыг чухалчилж байгаа нь сонгогчдын саналын үнэ цэний тэгш байдал алдагдах үндсэн шалтгаан мөн үү?
-Тийм. Тойрог байгуулахдаа хүн амаас гадна засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзана гээд сонгуулийн хууль тогтоомждоо заачихсан. Ингэхдээ ямар нэг хязгаар тавиагүй. Хууль зүйн хувьд саналын үнэ цэний зөрүү нь хэд л бол хэд дахин нэмэгдэх боломж бүрдчихсэн хэрэг. Манайх шиг өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай, тэдний тал орчим нь нийслэл хотдоо төвлөрдөг онцлогтой оронд хүн ам сийрэг бүс нутгийн сонгогчдыг харгалзах, дуу хоолойг нь парламентад хүргэх шаардлагатайг үгүйсгэхгүй. Гэхдээ эдгээр харгалзан үзэх нөхцөл нь нэгт, тэгш сонгох эрхийг зөрчих хэмжээнд байж болохгүй. Хоёрдугаарт, хэр хэмжээнд харгалзан үзэх вэ гэдэг тааз байх хэрэгтэй. Ийм хязгаар тавиагүйгээс зорилгынхоо эсрэг үйлчлээд, өнөөгийн дүр зургийг бүтээчихээд байгаа юм биш үү. Миний хувьд саналын үнэ цэний зөрүүг хоёр дотор барих ёстой гэсэн байр суурьтай байна. Учир нь зөрүү үүнээс их болох нь тэгш сонгох эрхийг зөрчиж, аль нэг тойрог нь илүү, эсвэл дутуу төлөөлүүлэхэд хүрнэ.
ТЭГШ СОНГОХ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙГ ОЙЛГООСОЙ
-Энэ байдал цаашид үргэлжилж, сонгогчдын саналын үнэ цэн алдагдан, зөрүү ихэссээр байвал ямар үр дагаварт хүргэх вэ?
-Юуны түрүүнд, энэ бол эрхийн зөрчил. Хоёрдугаарт, төлөөллийн тэгш байдал алдагдах нь парламент дахь шийдвэр гаргалтад тэнцвэргүй байдал үүсгэнэ. Хэнтий аймгийн төсвөөр жишээлж болно. Цөөн боловч илүү үнэ цэнтэй санал бүхий сонгогчид парламентад олон төлөөлөлтэй учраас тэдэнд ашигтай төсөв, хууль, бодлого батлах нөхцөл үүсгэж байгаа юм. Гэтэл нөгөө талд тоогоор олон боловч бага үнэ цэнтэй санал бүхий сонгогчид УИХ-д цөөн төлөөлөлтэй учраас дуу хоолойгоо хүргэж, нийгмийн асуудлаа шийдүүлж чадалгүй орхигдох гэх мэт үр дагавартай. Цаашлаад ноцтой нь парламентын легитим шинж буюу хууль ёсны, хүлээн зөвшөөрөгдөх байдал алдагдах, ардчиллын суурь ганхах аюул үүснэ.
-Та судалгаагаа Японтой харь цуулж хийсэн . Тус улсын сонгогчдын саналын үнэ цэн ий тэг ш байдал ямар байсан бэ?
-Япон Улс саналын үнэ цэний зөрүүгээ арилгаад явж байгаа. Энэ тал дээр төгс биш гэсэн үг. Анх манайх шиг парламент нь ч, шүүх нь ч тоолгүй явсаар байгаад 1972 онд Төлөөлөгчдийн танхимын сонгуулиар саналын үнэ цэний зөрүү 4.99 дахин их болж өссөн. Нэг тойргийн нэг хүний санал нөгөө тойргийн таван хүнийхтэй тэнцэж байсан удаатай. Тухайн үед анх удаа Дээд шүүх нь үүнийг “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн. Улмаар үүнээс хойш саналын үнэ цэний зөрүү багассаар 2021 онд Төлөөлөгчдийн танхимын сонгуулиар 2.08 болсон.
-Бидэнд энэ чиглэлд Японоос суралцах, туршлага болгох зүйл нь юу вэ?
-Юуны түрүүнд саналын үнэ цэний зөрүүг тоохгүй орхивол тэр нь хаа хүртэл ч тэлж болохыг Японы жишээнээс бид харж болно. Хоёрдугаарт, өөрсдийнх нь эрх ашигтай шууд холбоотой учраас эл асуудалд парламент маш хойрго ханддаг. Тиймээс тэгш сонгох эрхийг хамгаалахад шүүх талаасаа буюу Үндсэн хуулийн цэц чухал үүрэгтэйг ойлгоосой. Цэц 1993 онд Үндсэн хуульд тэгш сонгох зарчмыг тусгаагүй гэдэг шалтгаанаар эл эрх болон саналын үнэ цэний тэгш байдлыг хамгаалаагүй орхисон. Түүнээс хойш энэ асуудлыг “Тухайн маргааны талаар Цэцийн урьд нь гаргасан дүгнэлт хүчинтэй байгаа” гэсэн үндэслэлээр авч хэлэлцдэггүй. Гэтэл парламент сонгууль бүрийн өмнө УИХ-ын тогтоолоор тойрог, мандатыг хуваарилдаг. Цаашлаад сонгууль тус бүрийн саналын үнэ цэний зөрүү өөр өөр байгаа учраас энэ асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан. Үүнд “тэгш” гэж үг ороогүй боловч Монгол ардчилсан улс болохын хувьд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан тэгш эрх, 16 дугаар зүйлийн есөд заасан сонгох эрхийн хүрээнд тэгш сонгох эрх, саналын үнэ цэний тэгш байдлыг хамгаалах ёстой. Гуравдугаарт, Япон Улс хуулиараа саналын үнэ цэний зөрүүнд хязгаар тогтоосон. Үүнээс бид суралцаж болно. Одоогийн хууль, эрх зүйн орчны хүрээнд зөрүү нь хэд л бол хэд болж өсөх боломж нээлттэй байгааг дахин тодотгоё. Японы хувьд энэ зөрүүг хоёр дахин их байхаас хэтрүүлэхгүй гэж заасан. Ийм тааз тавих нь зөв. Харин ямар хэмжээнд барих вэ гэдгээ хэлэлцэж байж шийдвэрлэх ёстой болов уу.