Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/114 дүгээр тушаалаар “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Жендэрийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам” шинэчлэн батлагдаад байна. Засгийн газрын хуралдаан болон, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.9-д заасны дагуу Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэгдэх “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г сонсож, мэдээлэл солилцохоор жендэрийн салбар зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа.
Тус хуралдааныг Жендэрийн салбар зөвлөлийн дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү нээж хэлсэн үгэндээ “Засгийн газраас Зохистой хөдөлмөрийн талаар баримталж буй бодлого, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, жендэрийн бодлого, төлөвлөлтөд баримталж буй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, түүнээс үүдэн гарах жендэрийн ялгаатай эрэлт, хэрэгцээг хангах; эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд үүсэн гарч буй асуудлыг жендэрийн хандлага талаас нь авч үзэх, хэрэгжүүлэх мэдлэг, ойлголт, туршлагыг үндэсний түвшинд боловсронгуй болгох, сайжруулах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд жендэрийн мэдрэмжтэй ажлын байр бий болгох нь чухал юм” гэж онцоллоо.
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр гэдэг нь гэр бүлд ээлтэй ажлын байр бий болгох явдал бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн захирал Карин Хулшоф “Ажлын байран дахь бодлогоор дамжуулан гэр бүлийн сайн сайхан байдлыг тэтгэх замаар бид хамтран ажиллаж, хүүхдэд илүү ээлтэй, эерэг үр дүнг гаргаж чадна” гэж хэлсэн нь бидний хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажлын үр дүнг илэрхийлж буй хэрэг юм.