Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга өнөөдөр чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ. Улмаар МАН-ын бүлгийн хуралд оролцож, журмын нөхдөдөө ёс зүйн хариуцлага хүлээж, тайлбар өгчээ. Тэрбээр "Сүүлийн үед болж буй үйл явдлын талаар улстөрчийн хувиар байр сууриа илэрхийлье" гэсэн юм.
Цаашлаад "Аливаа ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд улстөрч нэг бол нэрээ цэвэрлэж авах, буруутай бол хариуцлагаа хүлээх ёстой. Өнөөдрийн тухайд би буруугүй, гэм буруутай зүйл байхгүй. Гэхдээ Засгийн газрийн гишүүн, хууль тогтоогчийн хувьд 2023 онд нийтийн тээврийн асуудалд төсвийн ерөнхийлөн захирагчаар ажилласны хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө. Би Түгжрэлийн хорооны гурав дахь дарга. Өмнөх хоёр нь хавсарга байдлаар ажлаа хийж байсан. Намайг ажлаа хүлээж авахад, ажил бодсон шиг амар байгаагүй. 1000 автобус шаардлагатай байсан. Тендер зарлаж эхэлэхэд бүх зүйлийг шалгана шүү, та нарыг надтай хамт шалгуулна шүү гэж анхааруулж байсан. Мөн БНСУ-ын “Daewoo”-гийн нэр хүндэд итгэсэн. Гэхдээ яах вэ, туршлагагүйтлээ гэх арга алга. Улс төрд олон жил явлаа, би. Бүх асуудлыг шийдэх гэж хичээж ажилласан.
Сүүлийн жилүүдэд гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлага тавьж ажилласан. Нийлүүлэгч БНСУ-ын тал өчигдөр хэвлэлийн хурал хийснийг та бүхэн мэдэж байгаа. Гарч буй асуудалтай холбоотойгоор нэг жил гаран ажилласны хувьд байр сууриа илэрхийлье. Тодорхой асуудлуудыг углуургаар нь шийдэж чадахгүй байсан. Тиймээс эхлээд хийх ажлаа тодорхойлсон. Улаанбаатар ямар ажлаа хийх юм, бусад яамд алийг нь хариуцах вэ гэдгээ тодорхой байлгах ёстой. Би ажлаа аваад төлөвлөгөө гаргасан. Нэгдүгээрт, нийтийн тээврийн асуудал нэн тэргүүнд шийдэх асуудал гэдгийг дээд удирдлагын түвшинд тайлбарлаж ойлгуулж чадсан. Хоёрдугаарт, холбоос зам, зам гүүрийн байгууламжийн асуудалд анхаарал хандуулсан. Гуравдугаарт, замын хөдөлгөөн зохицуулалтын бодлогоо тодорхойлсон. Дөрөвдүгээрт, зам тээврийн хууль, олон нийтийн соёл гэгээрлийн асуудал, тавдугаарт, төвлөрөл сааруулалт, хот хөдөөгийн сэргэлт бодлогыг хэрэгжүүлэх юм. Нийтийн тээвэр тойрсон олон асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Ард түмнийг төлөөлж ажиллаж байгаагийн хувьд авлигын эсрэг ажиллаж ирсэн. Гишгэсэн мөрөө эргэж, харсан, би буруу зүйл хийгээгүй" гэв.