Монгол дохионы хэл бол монголчуудын бүтээж бий болгосон оюун санааны үнэт өв. Өөрөөр хэлбэл, сонсголгүй иргэдийн ахуй соёлоос үүдэн анир чимээгүйд үүсэж хөгжсөн хэл бөгөөд эх хэл нь юм. Тэгвэл энэ бүхнийг нэгтгэж, "Аниргүйд бүтээсэн хэл" монгол дохионы хэлний түүхэн баримтат киног бүтээжээ. Киноны уран бүтээлчид "Өнөөг хүртэл монгол дохионы хэлний үүсэл хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан ахмад үедээ талархахын зэрэгцээ, сонсголгүй иргэд монгол дохионы хэлээ судалж буй шинэ залуу үе, шинэ цаг үеийг онцлон энэхүү баримт киног бүтээлээ" хэмээн нээлтээ хийхдээ дурдсан байна.
Хүн үүссэн цагаас дохио зангаа бий болсон ч, дэлхий дахинаа дохионы хэлийг сургалтанд ашигласан цаг үеийг XIV зуунтай холбож, түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Чимээгүйн сахил хүртсэн санваартнуудын дунд ашиглагддаг байсан дохио зангаа нь сонсголгүй язгууртны хүүд бичиг үсэг заахад ашиглаж эхэлсэн цаг үе юм.
Манай улс 1 дүгээр сургуулийн дэргэд сонсголгүй хүүхдийн нэг ангийг туршилтаар 1962 онд хичээллүүлж, улмаар 1964 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 481 дугаар тогтоолоор 29 дүгээр сургуулийг байгуулсан үеэс монгол дохионы хэлийг сургалтад ашиглах хөгжлийн суурь тавигдсан. Үүнээс өмнө 1890 оны үед сонсголгүй гэр бүл дохионы хэлээр харилцаж байсан талаар Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны гаргасан “Зүрхний сонор” түүхэн замнал, сургамж амжилт номд дурдсан байна.
Ахмад багш нар анх Кирил цагаан толгой буюу Орос дохионы хэлний цагаан толгой 33 үсэг дээр Ө, Ү үсэг нэмж, хурууны үсэг зохиосон нь Монгол дохионы хэлний 35 хурууны үсэг бий болов. 1978 онд байгуулсан Монголын хараагүй дүлий иргэдийн нийгэмлэг монгол дохионы хэлний хөгжлийн суурь үндсийг тавьсан ба энэ онд 29 дүгээр сургуулийн ахмад багш нар анхны цагаан толгой сурах бичиг бүтээжээ. Тэр үеэс өнөөг хүртэл Монгол дохионы хэлний сурах бичиг, ном толь бичиг гаргасан олон ахмад багш нар бий.
Монголын сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн бүлэг, 29 дүгээр сургуульд суралцаж байсан сонсголгүй хүүхдүүдийн харилцаанаас монгол дохионы хэл дэлгэрч хөгжсөн. 2009 онд монгол дохионы хэлний стандарт боловсруулах үйл ажиллагааг төрөөс санаачилсан ч “Аливаа дохионы хэлний стандартжуулахыг хориглосон” Дэлхийн сонсголгүй иргэдийн холбоо, Дэлхийн дохионы хэлний орчуулагчдын холбооны хамтарсан мэдэгдэл 2011 онд гарсан. Учир нь хэлийг стандартжуулах боломжгүй бөгөөд хэл зүй тогтлын улмаас хөгжиж, өөрчлөгдөн дараах үедээ өвлөгддөг.
2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12.1-т Монгол дохионы хэлийг хуульчилсан. Гэсэн ч өнөөг хүртэл монгол дохионы хэлийг сонсголгүй хүүхдийн боловсролд ашиглаагүй байна. Саяхан батлагдсан Боловсролын тухай хуулийн 6-р бүлгийн 5-рт “Сонсголын бэрхшээлтэй сурагчдад сургалт үйл ажиллагааг ... дохионы хэлээр явуулна.” сонсголгүй хүүхэд эх хэлээрэй боловсрол эзэмших эрхтэй гэж хуульчилжээ.
Монгол дохионы хэл монгол ахуй соёл, монголын сонсголгүй иргэдийн дундаас үүсэж хөгжсөн баталгаа нь үг-статистикийн харьцуулсан судалгаанаас харагддаг. Орос бас Монгол дохионы хэлний хамгийн түгээмэл 100 дохио харьцуулахад ижил төстэй байдал нь 16 байсан нь энэ 2 хэлний үүсэл гарал эрс ялгаатай бие даасан хэл болохыг харуулжээ.