Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаан зарлажээ.Тодруулбал, Улсын дээд шүүхийн Тамгын газраас "Монгол Улс дахь шүүхийн практик судлалын өнөөгийн байдал, чиг хандлага" эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд "Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаан"-ыг зохион байгуулахаар болсон аж.
Хууль зүйн салбарын алба хаагч, судлаачдын шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх мэдлэг, арга зүйг хөгжүүлэх, энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд уралдааныг зохион байгуулж буй. Улмаар шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачид шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, оролцох боломжтой.
Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2023 оны аравдугаар сарын 17 өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авах ба шалгарсан бүтээлийн эздэд урамшуулал олгох юм байна.